Sunday, August 10, 2014

УЛСЫН ТӨВ НОМЫН САНГИЙН МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ “№01”



1989 оны өвлийн ид хүйтэн тачигнаж байлаа.
Гэнэт шинэ сэтгэлгээ, шинэ амьдралд уриалан дуудсан ухуулах хуудсууд, эршүүд зоригтой залуу хүмүүсийн дуу хоолой цуурайтсан улс төрийн цуглаан жагсаалууд нэгэн хэвийн амьдралд дассан Улаанбаатарчуудын нойрмог, хүлцэнгүй сэтгэлийг ер бусаар хөдөлгөж, ямар нэгэн шинэ маягийн сэтгэлгээ, гайхамшигт өөрчлөлт, сэтгэл хөдөлгөсөн баярт явдал болох гээд байх шиг,,,
Тэр үеийн хотынхоны ярьдаг яриа бол зөвхөн Монголын Ардчилсан Холбооны тухайд л байлаа. 
Олон олон залуу хүмүүсийн удирдсан зоримог,ухаалаг, үнэн үггс, шаардлага бүхий цуглаан жагсаал нь Монголын хуучин нийгмийн сэтгэлгээг өөрчилж шоргоолжны үүр мэт бужигнуулж байлаа. Дөчин градусын хүйтэнд  дулаан гэртээ тавлаг суухын оронд ямар ч шахалт шаардлагагүйгээр Ардчилсан холбооны цуглаан жагсаалд Улаанбаатарчууд эр, эм хөгшин хөвөө гэлтгүй л яаран очиж оролцож байлаа.
Хөдөө орон нутагт Ардчилалын С.Цогтсайханы “Хонхны дуу” ямар ч аглаг буйд нутагт цууриатаж байсансан.

            Энэ үе бол Монголын нийгмийг тэр чигт нь доргион донсолгосон, шинэ нийгэм өөд тэмүүлсэн, шинэ амьдралын туяа цацарсан, хүний оюун санааны эрх чөлөөг тунхагласан гайхамшигт үйл явдал байлаа.  Энэ агшин бол Монголчуудын хувьд магадгүй дээд тэнгэрээс хайрласан,  бурханы ариун хишиг бэлэг байсан байж магадгүй.
            Улаанбаатар хотын төвд байрладаг Улсын төв номын сангийн цонхоор Сүхбаатарын талбайгаас цуурайтах Ардчилсан хөдөлгөөний залуу удирдагч С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын гал цогтой үнэн үгс, Сосорбарамын уянгалан шуранхайлах “Эрдэнэ засгийн унага” уртын дуу цуглаанд оролцогсдын уухайлан түрэх хүчирхэг дуу хоолой хасах дөчин хэмийн хүйтэн жаврыг нэвтлэн нэгэн бол огторгуйн гүн рүү салхич шувуун адил дүүлэн зүсэж, нэгэн бол газар дэлхий рүү  эргэлдэн шунгинаж, өөрийн эрхгүй энэхүү их үйл явдалд оролцох хүслийг олон хүний зүрх сэтгэлд төрүүлж байлаа.
            Магадгүй зуун жилд нэг удаа тохиолдох гайхамшигт агшин байсан ч юм билүү.
            Ардчилсан хөдөлгөөний залуу удирдагчдын эр зориг, гал цогтой үнэн үгс, Монгол орныг сэрээж хөдөлгөөнд оруулан Монголын нялх ардчилалыг өлгийдэн авч байлаа.
Яг энэ үед Улсын төв номын санд МоАХ-г дэмжих нууц бүлгэмийг байгуулахаар хэсэг нөхөд санал солилцоод нууц байх нь ямар ч утгагүй гэдгийг ойлгож ил тод ажиллахаар шийдэж МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулан, С.Зоригийн МУИС-ийн хоёрдугаар байрны НУФ-ийн ажлын өрөөнд нь очиж С.Зориг, Б.Энхтүвшин /малыш/  нартай уулзаж тэдний зөвшөөрснөөр “Монголын Ардчилсан Холбооны анхны салбар зөвлөл № 01” мандатыг Ардчилалын алтан хараацай, ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн гараас гардан авах ховорхон хувь заяа Даваанямын Аззаяа бид хоёрт тохиосныг бишрэн дурсаж  явдаг юм.
Энэхүү салбар зөвлөлийн зохицуулагчаар “Айзам” хамтлагийн гитарчин Ганбаатарыг сонгосон юм. Гишүүдэд  автоматжуулалтын хэлтсийн дарга А.Оюун, номын санч  Д.Аззаяа, инженер Д.Чулуунцэцэг, зураач Л.Баярхүү, төвд судлаач Дашням, номын санч Д.Довдонням нар эвлэлдэн нэгдэж ажиллаж байлаа.   1990 он гарангуут Ардчилсан хөдөлгөөний үйл явц  улам  эрчимжиж эхэлсэн тэр үед зохицуулагч Ганбаатар салбар зөвлөлийг тэргүүлэхээс татгалзаж түүний оронд Даваанямын Аззаяаг сонгож энэ  тухай мэдээллийг бичиж номын сангийн ханад  нааж  орхисон юм.
            Ардчилсан холбооны олон удаагийн цуглаан жагсаалд оролцож  байсан маань номын сангийн удирдлагуудад мэдэгдэж, бидний араас янз бүрийн хэлбэрээр мөрдөн мөшгиж эхэлсэн юм. Хүн бүрийг дор хаяж хоёр хүн салахгүй дагаж юу ярих, юу хийхийг хэнтэй уулзахыг хүртэл байгууллагын жижүүрээс эхлэн тусгай даалгавартай хүмүүс бүртгэн дор бүрнээ номын сангийн удирдлага байсан Н.Цагаач, Батмөнх /сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн эхнэр/ нарт мэдэгддэгсэн. Гэвч тэр үеийн гэнэн дэврүүн сэтгэлийн хөөрлөөр бид энэ бүх мөрдөлт мөшгөлтийг үл ойшоон ажил дээрээ Ардчилсан Холбооны ард түмэнд нэрд гарсан лидерүүд  С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл болон сэтгүүлч С.Цогтсайхан, С.Зоригийн ах С.Баяр, түүний найз чех инженер, шинэ тутам байгуулагдаж байгаа нам холбоодын дарга гишүүд гээд маш олон хүмүүстэй уулздаг байлаа.
             Ингээд Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хурал 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МҮЭ-ийн хурлын их танхимд болж бид хэд сонгогдон телевизийн шууд нэвтрүүлгээр гарч байгуулагынхаа даргад баригдан хатагтай Н.Цагаач хүн бүрийг нэг нэгээр дуудан уулзаж толгой түрүүгүй загнан “Чи нам засагтаа өс хонзонтой юм уу, чи шоронд хоригдож байсан юмуу?  Та нар шоронгийн хоригдол С.Зориг, гудамжны хулигаан Бат-Үүл нартай ямар холбоотой юм,,,” гэх мэтээр доромжилж байсан нь санаанаас гардаггүй юм. Зарим залуу гишүүдийг ар гэрт нь хэлж сэтгэл санааны дарамт үзүүлэх зэргээр бүхий л чадлаараа тэмцэж байлаа. Гэвч энэ явдал нь зөвхөн ганц номын сан дээр явагдаж байсан биш бүх л албан байгууллага дээр явагдаж байлаа. Э.Бат-Үүлийн удирдсан “Гутлын үйлдвэр” дээр болсон цуглаанд оролцохоор олон хүн цугларсан боловч лидер Э.Бат-Үүлийг Гутлын үйлдвэрийн лифтэнд 2 цаг шахам гацааж байж билээ. Их сургуулийн “А” заалны үүдэнд болсон цуглаан дээр С.Зоригийг дугаар хорооны хэсэг иргэд ална хядна гэсэн нэргүй захидал ирүүлснийг С.Зориг өөрөө уншиж сонсгож билээ. Энэ мэтчилэн хаана байр савны боломж олдож байсныг бид хол гэхгүй л очиж оролцож байсан.
          Энэ бол тэр үеийн нам засгийн аргаа барсан ажиллагаа байсныг ойлгож билээ. Гэвч сүүлдээ Н.Цагаачын хавчлага, хяхлага эрээ цээрээ алдаж биднийг ажлаас халах тушаал гарган, түүнийгээ ил хэлж чадахгүй, байгууллагын ханан дээр нааж, нэг бол буцаан хуулж, эсвэл ажлын өрөөний хаалгыг лацдаж оруулахгүй гэх мэтээр элдвээр авирладагсан. Ингээд бид МоАХ-ны анхны салбар зөвлөлийн хувьд Ардчиллын үзэл бодлыг илэрхийлсэн самбар ажилуулж, мөн л ад болдогсон.
          С.Зоригийн нэг удаагийн цуглаан дээрээс бүх салбар зөвлөлүүдэд өгсөн зөвлөмжийг үндэслэн дарга удирдлагуудад хандсан эсэргүүцлийн санамж бичгийг номын сангийн мэдээллийн самбар дээр хадсанаас болж Н.Цагаач даргын уурыг хүргэж билээ. Ингээд бид ярилцаж улстөрийн тэмцэл хийхээр шийдэж суулт өлсгөлөн зарлаж улс даяар шуугиан тарьж байлаа.
          Улстөрийн тэмцэл бол амаргүй, хүнд бөгөөд сэтгэл санааны асар их тэвчээр хатуужил, эр зориг шаарддаг зүйл юм байна гэдгийг бид тэгэхэд ойлгож билээ. Жижигхэн ч гэсэн тэр үедээ улстөрийн л тэмцэл байсан бөгөөд бас ч болоогүй урвалт шарвалт гарч биднийг дарамтлах зүйл гарч л байсан даа. Тэр үед бидний тэмцлийг олон хүн дэмжиж байсанд бид баярладаг юм. С.Зориг, Ц.Элбэгдорж,  Э.Бат-Үүл, Сосорбарам, Ч.Энхээ, Нийслэлийн Ардчилсан намын дарга Пүрэвжал, Ж.Занаа, Отгондаваа болон тэр үеийн хувьсгалт намын дээд сургуулийн хэсэг оюутанууд зэрэг олон хүмүүс өдөр шөнийг ялгахгүй ирж биднийг дэмжиж байсан. Дараа нь болсон олон үйл явдлууд улстөрийн тэмцэл гэж юуг хэлдгийг бидэнд ойлгуулж билээ. Ардчилалын төлөөх их тэмцлийн анхны үйл ажиллагаанд оролцож байсан бидний үйл явдал нэг иймэрхүү л байсан даа.


Дурсамжаа бичсэн: Монголын Ардчилсан Холбооны анхны салбар
зөвлөлийн гишүүн Алтангэрэлийн Оюун, Даваанямын Аззаяа


2003 оны 12 сарын 01

No comments:

Post a Comment