Sunday, August 10, 2014

Өндөр Гонгорын үр ач нар өндөр өвөөгөөрөө овогложээ

Д.Янжмаа  
                       
-Үр ач нь ч бас өндөр болов уу?-
Оргилболдод таарч тохирох “аварга” эхнэр олдохгүй байгаа талаар шар сонинууд хааяа нэг “санаа зовдог”. Харин домог түүх нь өнөө бидний үед ч өртөөлсөн өндөр Гонгорт тийм асуудал тохиолдоогүй бололтой юм. Ингэхэд тэр ч бас барилдаж явсан гэнэ.Ардын засгийн даншиг наадмаас заан цол хүртэж удаатай. Нэг хэсэгтээ Богдын өргөмөл хүү нэртэй явсан болохоор богтлоод ч болсон эхнэр авах боломжтой байсан нь лав. Юутай ч Богд эзний малгайг урладаг Должинсүрэнтэй ханилан сууж, дөрвөн хүүхдийн эцэг, өнөр бүлийн өрхийн тэргүүн болсон түүхтэй. Өдгөө түүний үр ач 200 хол давжээ. Өндөр Гонгорын гэр бүлийн харилцааны тухай тодорхой баримт сэлт үлдсэнгүй. Тооноороо толгойгоо цухуйлгаад үнэ малаа сааж суугаа эхнэрээсээ “Энэ хувинтай сүүг ямар саванд юүлэх юм бэ” гэж асууж байсан хэмээн үеийн нөхөд нь харин хуучилдаг байж. Түүний ач хүү, хүүхдийн зохиолч Данигайн Давааням “Өндөр өвөө”, “ Бууж үдлэх хорвоо” номондоо цуутай өвөөгийнхөө тухай дурсамж, түүхийг өгүүлсэн байдаг. “Сургаар биш номд тэмдэглэснээр өвөө Гонгорын өндөр 2 метр 70 см-ийн орчимд ойртож байна” гэж тэр бичжээ. Харин үр ач нарынх нь рекорд хэд бол. Даваанямын Аззаяа ярихдаа “Хамгийн өндөр нь Сангийн яаманд ажилладаг Батгэрэл гэж хүү бий. Бүдханд эмээ /Өндөр Гонгорын охин/-гийн хүү. Тэр нэг метр 83 см. Бас миний дүү ШУТИС-ийн багш Батнасан байна. Тэд нуруугаар ойролцоо” гэж тодорхойлов. Нийтээрээ овог авч нэг хэсэг бужигнахад Д.Давааням “Ийм өндөр өвөөтэй юм чинь Өндөр Гонгор гэдэг овог авья” гэхэд нь бүгд зөвшөөрсөн аж. Өндөр өвөөгөөс нь тэдэнд үлдсэн нь литрийн багтаамжтай аяга. “Баяр ёслолын үеэр тэр аяганд цай хийж, аавд өгдөг. Ихэнхдээ идээ хийгээд бурхны өмнө тавьдаг” гэж Д.Аззаяа хуучилсан. 82 см урттай хэт хутга нь ч бас үлдсэн л дээ. Харин түүнийг үр хүүхдүүд нь үзэхийг хүсвэл музейд очих хэрэгтэй болдог. Өвөө Гонгор Богд хааны дэргэд “үзмэр” байхдаа Сайн ноён хан Намнансүрэнгийн бараа бологчоор Петербург хотыг үзэж амжжээ. Харин түүний ач хүү Д.Давааням хожим нь Горькийд суралцана гэж зүүдлээ чүгүй явсан байлгүй. Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч бас ач хүүтэй нь хамт энэ сургуулийн оюутан явсан гэнэ.
Өндөр Гонгорын өв
Өндөр Гонгор овогтой Даваанямын ууган охин Аззаяа нуруугаар өндөрт тооцогдохгүй ч “Өндөр ээж”-ийн сэтгэлтэй эмэгтэй. Өндөр Гонгор овогтой Даваанямын ууган охин Аззаяа нуруугаар өндөрт тооцогдохгүй ч “Өндөр ээж”-ийн сэтгэлтэй эмэгтэй. “Эмзэг бүлгийн” гэх тодотголтой сургуулиас завсардсан хүүхдүүд түүний байгуулсан “Ачлал” бага сургуульд сурдаг юм. Нэгэнтээ Толгойтод байрладаг “Төгөл” гэр цэцэрлэгт очиж үзсэн нь гэр хорооллын орчинд хүүхдийн төв байгуулах санааг төрүүлсэн аж. Нялх хүүхдээ асраад гэртээ суудаг эмэгтэйд автобусны мөнгө ч байсангүй. Гартаа том хар цүнх бариад Цамбагарваас хотын төв хүртэл тувт явган хүүхдийн төв байгуулах ажлаа хөөцөлдөж яваа нь тэр. Аав нь хүүхдийн зохиолч болохоор бас ч бичгийн машинтай.
Шөнөжингөө сууж үйлдвэрлэсэн бичиг цаасаа цүнхэлж аваад өглөө гарч өгнө. Ийнхүү хоёр жил явж байж Монгол судлаач эмэгтэйтэй танилцсан нь хүүхлийн төвийнх нь анхны ивээн тэтгэгч байлаа. Хоёр нялх хүүхэдтэй нөхөр нь зураач, өөрөө костюм оёж зах дээр борлуулан амьдрал залгуулдаг байсан энэ тэрийг нь бодвол бусдын хүүхдийн төлөө зовж явдаг нь ёстой “өвчин байгаа даа” гэмээр. Харин өөрөө аав хүүхдийн зохиолч байсан нь их нөлөөлсөн гэж ярьсан юм.
1996 онд МоАХ-ны хэсэг эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд Ардчиллын төлөө” хөдөлгөөнийг байгуулалцсан эмэгтэйчүүдийн нэг нь Д.Аззаяа байв. Тус байгууллагын дэд тэргүүнээр сонгогдон ажилласан байна.
Мөн тэрээр 1996 онд цусны өвчтэй хүүхдүүдэд туслах “Монголын Хемофилийн Холбоо” төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Цусны төвийн цус нэрэх аппарат хэзээ мөдгүй зогсох шахав. Ингэвэл эмнэлгүүдийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж чадахгүйд хүрч өвчтөнгүүд олноор хохирох байв.
Тэрбээр төвийн хэвлэлүүдэд нийтлэл бичихээс эхлээд гадаад дотоодын олон байгууллагад цөхрөлтгүй хандаж. Тэдгээрээс олон улсын энэрлийн байгууллага жилийн дараа туслахаар болжээ.
Ингэж цусны төвийн цус боловсруулагч бага оврын лабораторийн аппарат, зориулалтын хөргүүр гээд нийт 50 гаруй мянган долларын үнэ бүхий тоног төхөөрөмжтэй болж, эмч нараа гадаадад мэргэжил дээшлүүлсэн түүхтэй.
Төрийн бус байгууллагыг чинхүү сэтгэлтэй, тэвчээртэй хүн л авч явдаг. Үүнийг зориуд онцлохын учир нь Аззаяагийн итгэл, сэтгэл, зүтгэлийн тодруулах гэснийх. 1998 онд байгуулсан “Хүүхэд хөгжлийн төв” нь хөл дээрээ зогсчээ. Гэр хорооллын хашаанд байрлах тэдний бяцхан сургуулийн хашаанд номын сан хүртэл босч  байна лээ. Номын сангийн сүрлэн барилгад нь япончууд хөрөнгө оруулжээ. Өдгөө “Ачлал” сургууль 500 гаруй хүүхэд сургаад байна. Ядуу өрхийн хүүхдүүдэд мөнгөн тусламж олгох, түүний хөтөлбөрт хамрагдсан жаалуудыг нэмж тоолвол 1000 гаруй хүүхэд халамжилж, төрийн ачаанаас үүрэлцэж яваа ийм л эмэгтэй.
Хүүхдийнхээ төвийг өргөжүүлмээр байна. Хүн ам сийрэг хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн төв байгуулахсан. Спортын танхим, номын сан, интернэт төв, хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэгтэй, бүх төрлийн дугуйлантай... эд л Д.Аззаягийн мөрөөдөл. Номын санд ач холбогдол өгдөг зан нь тохиолдлынх биш л дээ. Мань хүн номын санч мэргэжилтэй. Хонхны дуу цуурайтсан ерээд онд номын санч бүсгүй ардчиллынхны зохион байгуулсан бүх л цуглааныг алгасдаггүй байлаа. Тиймдээ ч тэрбээр партизан хэмээх ангилалд багтдаг цөөхөн эмэгтэйн нэг. Одоо ч тэр МоАХ-гоор овоглодог хэвээрээ.
“Ухуулах хуудас их ч наасан даа” гэж Д.Аззаяа дурсав. Ажил дээрээ плитка авчирч, жонхуу буцалган зөндөө л зарлал наажээ. Залуус нь өлсгөлөн зарлах тэр үеэр тэднийгээ дулаан хувцаслахаар бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Аавынхаа сэгсүүргэн дээлийг хэлэлгүй авчраад зохион байгуулах комисст өгч дараа нь ээждээ баригдаад “эцгийнхээ дээлийг хүнд аваачиж өглөө” хэмээн загнуулж явж. “Өдөөн хатгагчид их байна. Талбай дээр мод чулуу авчирч хаяж байна. Эмх замбараагүй байдал үүссэн гэдэг шалтгаар баривчилгаа явуулж магадгүй. Тэр мод чулууг зөөж аваачиж хая” гэж Ц.Элбэгдорж даргыгаа хэлэхээр мод чулуу хормойлоод оройжингоо зөөсөн түүх тэднийхээ.
Халх даяар цуутай өндөр Гонгор одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Багабулаг гэдэг газар уран дархан Пүрэвийнд мэндэлжээ. Богдхаан таалал олсны дараа өндөр Гонгор нутаг усандаа ирсэн юм байж. Ирээд удсан ч үгүй 49 насандаа таалал төгсчээ. Хүүхдэрхүү, алиа хошин яриатай, бичиг эрдмээр сүрхий хүн явсан гэдэг. Өндөр Гонгорт Богд эзэнтэн хишиг хайрлаж, гоё сайхан хувцас захиалан хөх жинс өргөж, шавийн сангийн дарга болгохдоо “Энэ хүний маажгий гутал, сур сармай дээлийг нь хүртэл хаяж гээлгүй хадгалж бай” гэж зарлиг буулгажээ. Гэсэн ч түүний хувцас хойч үедээ хадгалагдан үлдсэнгүй. Харин хүний төлөө гэсэн сэтгэл нь өвлөгдөн үлдсэн нь ийм буюу...


No comments:

Post a Comment