Sunday, August 10, 2014

“Эрх чөлөөний баатрууд”, АЭХ-ний нийт гишүүн эмэгтэйчүүд Та бүхний энгэр дээр гялалзаж байх ёстой.

Монголын Ардчилсан Холбооны удирдах зөвлөл Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гүйцэтгэх зөвлөл, Ардчилсан Намын гүйцэтгэх зөвлөлд Улаанбаатар хот 2011 оны 3 дугаар сарын 07 Хүсэлт гаргах нь: Давааням овогтой Аззаяа миний бие Монгол оронд олон жил ноёрхсон коммунист дэглэмийг түлхэн унагахаар, эх оронч эрэлхэг хөвгүүд эрх чөлөө, ардчиллын тугийг өргөн тэмцэлд босч МоАХолбоог үүсгэн байгуулахад цөөн эмэгтэйчүүд байсны тоонд багтсан нэгэн. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл журмын нөхдийнхээ хамт ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх үйл хэрэгт харамгүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ. Коммунизм нь хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, чөлөөт үзэл санааг хавчин, баян орныг ядууруулж, ядуу орныг бүр үгүйрүүлж, иргэдийн өмчтэй байх эрхийг үгүйсгэсэн ирээдүйгүй дэглэм байлаа. Үзэл санааны хавчлага дарамтанд хэлмэгдэн хохирсон хувийн өмч хөрөнгөгүй олон мянган айл өрх, иргэд нийгмийн шинэ байгуулалт уруу ганзага хоосон ирсэн. Бидний ард үлдсэн нийгмээс Та бид ч багагүй хохиролыг амссан. Энэ бол гашуун үнэн. 1989-1990 онуудад МоАХ, АСХ, ШДХ байгуулагдаж ардчиллын галыг төв Азийн цээжинд асаасан нь Монголын шинэ үеийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэн үлдсэн билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тэмцэж олсон ололтоо хамгаалан бэхжүүлэхийн төлөө олон зуун мянган ээжүүд, эмэгтэйчүүд хүнд бэрхийг үүрэн, зовлонд хатуужиж, тэмцэлд ган мэт хатаагдан, хувийн амьдралынхаа хамгийн үнэт зүйл халамжит сайн хань, хайр нэхсэн бяцхан үрсээн орхин ардчилал, эрх чөлөөний төлөө гэсэн үзэл санаандаа үнэнч байж ирснийг энэ чуулганы индэр дээрээс тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Та нар бол өөрсдөөрөө бахархах, өрөөлөөр бахархуулах эрхэм гавъяатнууд юм. Өдгөө бидний эдэлж буй эрх чөлөөний төлөө, хамтран тэмцсэн Монгол орны өнцөг булан бүрт, бүр тодруулбал 21 аймаг, 3 хот, 336 суманд суугаа ардчилал, эрх чөлөөг эрхэмлэгч, “Ардчиллын торгон цэргүүд” болох ээжүүд, эмэгтэйчүүддээ энэ завшааныг ашиглан мэхийн ёслож хүндэтгэл үзүүлье. Монгол гэдэг нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж Монголын их гүрнийг байгуулсан эзэн Чингис хааныхаа алдараар титэмлэсэн энэ эрхэм хүндтэй одон миний энгэр дээр бус ардчиллын төлөө тэмцэн Монгол орноо хүн төрөлхтөний нийтлэг жишигт хүргэж эрх чөлөөт улс гүрэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрх чөлөөний баатрууд”, АЭХ-ний нийт гишүүн эмэгтэйчүүд Та бүхний энгэр дээр гялалзаж байх нь утга төгөлдөр хэмээн мөхөс оюундаа би тунгаан бодож байна. Харамсалтай нь одон цөөхөн баатарууд олон юм. Тиймээс МоАХ, АЭХ, Ардчилсан Намынхаа шийдвэрийг гүнээ хүндэтгэх ялдамд эрхэм хүндтэй энэ шагналыг АЭХ-ны нийт гишүүдэд хүртээлтэйг бодолцон АЭХ-доо гардуулан өгч туган дээр нь хадгалуулан үлдээхээр шийдлээ. Даваанямын Аззаяа надад олгосон АН-ын дээд шагнал “Чингис хааны” одонг дээрхи нөхцөлүүдийг үндэслэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шилжүүлэн шагнах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ үү. Та бүхнийг хүндэтгэсэн: МоАХ, АЭХ, АН-ын гишүүн Даваанямын Аззаяа

No comments:

Post a Comment