Sunday, August 10, 2014

“Замбуулинд ганцхан өвөө минь Халхын өндөр Гонгор”

/“Ардчилал” сонин 2010 оны 12 сарын 10 № 247, 248 /1086, 1087/




Наймдугаар Богд Жавзандамба 1906 оноос ивээлдээ авч “Үүнээс хойш Халхын өндөр Гонгор хэмээсүгэй,,,” гэж соёрхон зарлаад, их сангийнхаа няраваар арав гаруй жил ажилуулж байсан Л.Гонгорын тухай үлгэр шиг л дурсамжууд байдаг.
1913 онд Сайн ноён Хан Намнансүрэнгийн бараа бологчоор СанктПетрбург хот руу мордох болоход Богдын их сангаас 62 ширхэг хурганы арьс гарган дээл хийж өгсөн гэдэг.  Нэг литрийн мөнгөн аягаар цайлж, 82 см урттай хэт хутгаар зоог барьж явсан энэ хүн XX  зууны эхэн үеийн Монгол орны амьд нэрийн хуудас байжээ.  Аварга биет үлгэрийн баатрын амилсан дүр түүний тухай ач хүү Монгол Улсын Соёлын гавъяат  зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Д.Давааням ийнхүү хуучилж байна.


-Та сайхан өвөлжиж байна уу. Ач хүү нь өвөөгийнхээ нурууны хэмжээг тодорхой мэдэх байх гэж бодлоо.
-       Тавтай өвөлжиж байна аа. Өвөө маань 1879 онд одоогийн Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын Бага булаг гэдэг газар уран дархан Пүрэвийн ууган хүү болон мэндэлсэн гэдэг. Эднийх Гонгор Довчин, Жигжидсүрэн, Цэндээ, Тойсом гэж гурван хүү хоёр охинтой айл байсан ч өвөө шиг өндөр хүн байгаагүй.  25 нсанаасаа эхлээд суга өссөн өвөөгийн маань саяхан Эрмитажаас олдсон Сайн Ноён Хан Намнансүрэнтэй авахуулсан зургийн ард 2.57 см” гэсэн тэмдэглэл байсан. Германы зурагчин Г.Штренбергийн гарын үсэгтэй тэр зураг л өвөөгийн маань амьд сэрүүндээ авахуулсан хамгийн бодит өндрийн хэмжээ байж таарна. Тэгэхээр тонголын хамгийн өндөр хүн яах аргагүй мөн.   Энэ онд бурхан болсон Рагчаа хүү 2.45 см өндрөөрөө амьд байгаа хамгийн дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн наймдугаарт орж байсан юм  билээ. Тэгэхээр энэ бас л сонин үзүүлэлт шүү.

-       Богд Жавзандамба тусгайлан их л харж ханддаг байсан гэлээ. Энэ талаар сонирхуулахгүй юу?     
Дээрхийн гэгээн өөрөө лүндэн буулгаж өөрийнхээ малгайг урладаг байсан /Одоогийн Архангай аймгийн Тариат сумын харъяат/ уран гарт Должинсүрэнтэй гэр бүл болгуулсан гэдэг. Өвөө маань Данигай, Балдан, Бүдханд, Бадамханд гэсэн хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөний ууган хүү Данигай нь миний аав юм аа. Аогдын зарлигаар даншиг наадамд барилдаж долоогийн даваанд их аварга Шаравжамцад өвдөг шороодон Даншигийн заан цол хүртэж байсан гэдэг.  Тэр барилдаанд учираа бөхчүүдээ бүгдийг нь ихээ хол дүүгүүрдэж шидээд байсан учир бөхчүүд бэртсэн гэсэн. Тиймээс дахиж барилдуулаагүй юм билээ.

-       Эгэлгүй өндөр энэ хүнийг алиа хошин зантай, номхон дөлгөөхөн хүн байсан тухай уншиж байсан?
-       Намуухан дуутай, хүүмүүсийг цаашлуулж тоглох их дуртай хүн байсан гэсэн. Үргэлж хөтөлгөө морьтой явдаг, морьдохдоо дөрөө ерөөсөө хэрэглэдэггүй байсан гэдэг. Гэрийнхээ тооноор толгойгоо гаргачихаад л үхрийн зэлэн дээр байгаа Должинсүрэн эмээтэй ярьдаг байсан гэнэ. Өвдөг нь жаахан муу болохоор онц хэрэггүй бол гэрээсээ гардаггүй байж. Тооноороо цухуйчихаад л “Хөөе энэ хувинтай сүүг ямар саванд юүлэх юм, хонь уруудаад явчихлаа, Данигай араас нь хурдан гүй,,, ”  гээд л үдшийн бүрий болтол толгой нь шовойчихоод дуу нь тэр хавьдаа хүнгэнэж байдаг байсан гэнэлээ. Хойшоо СанктПетрбург явж байх замд нь нь “Тайга” өртөөн дээр нэг орос хүүхэн вагоноосоо хоцорчихоод дагаад гүйгээд байж л дээ. Цонхоор харж явсан өвөө маань цээжин биеэ гадагш нь гаргаад нөгөө хүүхнийг хоёр гараас нь суга татаад вагонд оруулаад ирсэн гэдэг. Хүрээний данжаадуудтай наймаа хийсэн Монголчууд өвөөг дагуулж явах их дуртай байсан гэнэ. Таван төө хоргой авах бол өвөөг дагуулж ороод төөлүүлчихээд гарч ирээд өөрсдөө хэмжихэд арван төө болдог байж л дээ. Пүүсний хятадууд өвөөгийн сүр бараанаас айгаад  бушуухан л өгөөд гаргадаг байсан гэдэг. Өвөө ч дуугүйхэн инээмсэглэчихээд л яваад өгдөг байж.  Нэг л насны зөрүүтэй Бүдханд,  Бадамханд охид нь нас биенд хүрцгээхэд эмээ дээл хийж өгөх болж л дээ.  Тэгэхэд өвөө “Миний нэг дээлийг ханзлаад хоёр охиныг минь гоёчих доо.” гэж. Тэгээд нэг дээлээр нь хоёр охинд нь дээл хийгээд өмсүүлэхэд хоёр ханцуй нь илүү гарсан гэнэ лээ.
-       Тэр том   хүний эдэлж хэрэглэж явсан эд зүйлс одоо ер нь байдаг болов уу?
Богдын таалал төгссөний дараа төрсөн нутагтаа ирж амьдарч байгаад 1928 онд 49 насандаа өөд болсон. Хувцас хэрэглэлийнх нь ихэнхи нь 1932 оны үймээний үеэр алга болсон юм. Өөрийнх нь шарилыг төрсөн дүү П.Довчин нь нас барсанаас нь гурав хоногийн дараа хөндөн зөөж өөр газар нуун хөдөөлүүлсэн гэдэг. Тэр үед  Монголд ажиллаж байсан Эндрюсийн аяллынхан өвөөг амьд байхад нь ах дүү нарт нь санал тавьж ясыг нь авъя гэсэн шиг байгаа юм. Тэгээд л төрсөн дүү нь ахынхаа ариун цогцсыг гадныханд хөндүүлэхгүй гээд өөр газар булшилсан хэрэг л дээ. Бөмбөгөр  ногоон театрыг барьсан Унгар инженер Иожер Гелета гэдэг хүн өвөөгийн хоол идэж байсан хутгыг нь их л сонирхоод байж л дээ. Тэгэхэд нь өвөө “Чи миний энэ ижжгаар яах вэ? Би чамд гоёлынхыгоо өгье,,,” гээд мөнгөн хэт хутгаа наймаалцсан гэнэ. Бүр хойно П.Хорлоо гуай Унгарт явж байхдаа И.Гелета гуайтай уулзаж нөгөө мөнгөн хэт хутгыг нь үнэ тохиролцон авч Үндэсний түүхийн музейд авч ирж өгсөн юм. П.Хорлоо гуайн ачаар өвөөгийнхээ хэрэглэж явсан тэр сайхан хутгыг өнөөдөр ач гуч нь байх ёстой газар нь үзэж хараад явж байна.

-       Харин цайлж явсан мөнгөн аяга нь хамгийн том ач нь болох надад хадгалагдаж   байгаа.
Халхын өндөр П.Гонгорын үр ач өнөөдөр ам бүл хэдүүлээ болсон бол? Энд нэг сонин юм байдаг. Манай удмынхан бүгд шахуу хоёр хүү, хоёр охинтой байсан, аав минь бас л хоёр хүү, хоёр охинтой бол өнөөдөр би ч гэсэн хоёр хүү, хоёр охинтой л сууж байна. Өнөөдөр ач, зээ гуч нар нь гээд 50 шахуу хүн байгаа. Тэгээд бас нэг генд нь үлдсэн гол шинж бол надаас бусад нь толгой дараалан тооны багш, математикийн чиглэлийн эрдэмтэн мэргэд байгаа.  Өвөө маань шавь сургалтаар дөрвөн аргын тооны ухаанд мэргэшсэн гэдэг. Богдын их сангийн нярав хүн энэ талын мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй байсан нь ойлгомжтой. Тэр ген нь яг л удамшиж үлддэг юм байна. Бас гурван үеэрээ Монгол төрийн тэргүүнүүдийн дэргэд ажиллаж амьдрах хувьтай хүмүүс байгаа юм даа.        
           
-       Энэ тухайгаа арай тодорхой ярьж өгөөч?

Өвөө маань Дээрхийн гэгээн Богд Жавзандамбад шадарлан зүтгэж явсан бол би маршал Цэдэнбалын хамгаалалтын албанд 13 жил алба хаасан хүн. Харин өнөөдөр миний охин Д.Аззаяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тамгын газарт ажиллаж байна.  1989 онд залуу уран бүтээлчдийн улсын 2-р зөвлөлгөөн болоход  би Зохиолчдын хорооны МАХН-ын хорооны дарга байлаа. Тэр үед л би охиндоо “тэр зөвлөлгөөн дээр оч. Танай үеийнхэн ямар нэг томхон юм хийх гээд байна. харин аав нь өөрийнхээ замаар л явна. Та нар залуу хүмүүс зориглох л хэрэгтэй.” Гэж хэлсэн юм. Тэгээд л охин минь өөрийнхээ сонгосон замаар явж байгаа. Халхын өндөр Гонгорын үр ач нар өнөөдөр заяа тавилангийн нь үргэлжлэл болоод өнөр өтгөн сайн сайхан л амьдарцгааж явна. Ертөнцөд үүнээс илүү ямар шагнал, хишиг горьдох ч билээ дээ.
-       Сонирхотой ярицлага өгсөнд баярлалаа

Д.Энхтүвшин  


No comments:

Post a Comment