Sunday, August 10, 2014

ТЭР БОЛ ТЭМЦЭГЧ ЭМЭГТЭЙ

/Эмэгтэй удирдагч сангаас 2008 онд эрхлэн гаргасан
“Итгэл даах эмэгтэйчүүд” номонд орсон нийтлэл/


Хүн төрөлхтний түүхэнд шударга үнэний төлөө, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ирээдүй хойчийн сайн сайхны төлөө тэмцэж, мянга мянган хүний бахархал болсон эмэгтэй олон бий. Тэд үгүйгээр иргэний ардчилсан нийгэм байгуулна гэвэл үнэхээр бүтэхгүй. Тийм нэгэн монгол бүсгүйн тухай энд өгүүлье.
Тэр бусдын адил цэл залуугаараа, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар ардчилсан хувьсгалын уриан дор жагсагчдын нэг. Түүнтэй уншигч таныг танилцуулахын өмнө бяцхан түүх өгүүлье.
Домог түүх нь бидний үед өртөөлсөн өндөр Гонгор, Богд эзний малгайг урладаг Должинсүрэнтэй  ханилан сууж, дөрвөн хүүхдийн эцэг, өнөр бүлийн өрхийн тэргүүн болсон түүхтэй. Өдгөө түүний үр ач 200 хол давжээ.
Тооноороо толгойгоо цухуйлгаад үнээ малаа сааж суугаа эхнэрээсээ “Энэ хувинтай сүүг ямар саванд юүлэх юм бэ?” гэж асууж байсан хэмээн үеийн нөхөд нь хуучилдаг байж. Түүний ач хүү, хүүхдийн зохиолч Данигайн Давааням “Өндөр өвөө”, “Бууж үдлэх хорвоо” номондоо цуутай өвөөгийнхөө тухай дурсамж, түүхийг өгүүлсэн байдаг.

“Сургаар биш судар номонд тэмдэглэснээр өвөө Гонгорын өндөр 2м 70см-ийн орчимд ойртож байна” гэж тэр бичжээ. Харин үр ач нарынх нь рекорд хэд бол. Данваанямын Аззаяа ярихдаа “Хамгийн өндөр нь Сангийн яаманд ажилладаг Батгэрэл миний үеэл. Бүдханд эмээгийн /Өндөр Гонгорын охин/ зээ хүү. Тэр 1м 83см. Бас миний дүү ШУТИС-ийн багш Батнасан байна. Тэд нуруугаараа ойролцоо” гэж тодорхойлов. Нийтээрээ овог авч нэг хэсэг бужигнахад Д.Давааням “Ийм өндөр өвөөтэй юм чинь Өндөр Гонгор гэдэг овог авъя” гэхэд бүгд зөвшөөрсөн аж. Өндөр өвөөгөөс нь тэдэнд үлдсэн нь литрийн багтаамжтай аяга. “Баяр ёслолын үеэр тэр аяганд цай хийж, аавд өгдөг. Ихэнхдээ идээ хийгээд бурханы өмнө тавьдаг” гэж Д.Аззаяа хуучилсан. 82см урттай хэт хутга нь бас үлдсэн л дээ. Харин түүнийг үр хүүхдүүд нь үзэхийг хүсвэл музейд очих хэрэгтэй болдог. Өвөө Гонгор Богд хааны дэргэд байхдаа Сайн ноён хан Намнансүрэнгийн бараа бологч, хамгаалагчаар Петербург хотод очжээ. Харин түүний ач хүү Д.Давааням хожим нь Горькийд суралцана гэж зүүдлээ ч үгүй явсан байлгүй. Өндөр Гонгор овогтой Даваанямын ууган охин Аззаяа нуруугаар өндөрт тооцогдохгүй ч “Өндөр ээж”-ийн сэтгэлтэй эмэгтэй. “Эмзэг бүлгийн” гэх тодотголтой сургуулиас завсардсан хүүхдүүд түүний байгуулсан “Ачлал” бага сургуульд сурдаг юм. Нэгэнтээ Толгойтод байрладаг “Төгөл” гэр цэцэрлэгт очиж үзсэн нь гэр хорооллын орчинд хүүхдийн төв байгуулах санааг төрүүлсэн аж. Нялх хүүхдээ асраад гэртээ суудаг эмэгтэйд автобусны мөнгө ч байсангүй. Гартаа том хар цүнх бариад Цамбагарваас хотын төв хүртэл тувт явган хүүхдийн төв байгуулах ажлаа хөөцөлдөж яваа нь тэр. Аав нь хүүхдийн зохиолч болохоор бас ч бичгийн машинтай.
Шөнөжингөө сууж үйлдвэрлэсэн бичиг цаасаа цүнхэлж аваад өглөө гарч өгнө. Ийнхүү хоёр жил явж байж Монгол судлаач эмэгтэйтэй танилцсан нь хүүхлийн төвийнх нь анхны ивээн тэтгэгч байлаа. Хоёр нялх хүүхэдтэй нөхөр нь зураач, өөрөө костюм оёж зах дээр борлуулан амьдрал залгуулдаг байсан энэ тэрийг нь бодвол бусдын хүүхдийн төлөө зовж явдаг нь ёстой “өвчин байгаа даа” гэмээр. Харин өөрөө аав хүүхдийн зохиолч байсан нь их нөлөөлсөн гэж ярьсан юм.
1996 онд МоАХ-ны хэсэг эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд Ардчиллын төлөө” хөдөлгөөнийг байгуулалцсан эмэгтэйчүүдийн нэг нь Д.Аззаяа байв. Тус байгууллагын дэд тэргүүнээр сонгогдон ажилласан байна.
Мөн тэрээр 1996 онд цусны өвчтэй хүүхдүүдэд туслах “Монголын Хемофилийн Холбоо” төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Цусны төвийн цус нэрэх аппарат хэзээ мөдгүй зогсох шахав. Ингэвэл эмнэлгүүдийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж чадахгүйд хүрч өвчтөнгүүд олноор хохирох байв.
Тэрбээр төвийн хэвлэлүүдэд нийтлэл бичихээс эхлээд гадаад дотоодын олон байгууллагад цөхрөлтгүй хандаж. Тэдгээрээс олон улсын энэрлийн байгууллага жилийн дараа туслахаар болжээ.
Ингэж цусны төвийн цус боловсруулагч бага оврын лабораторийн аппарат, зориулалтын хөргүүр гээд нийт 50 гаруй мянган долларын үнэ бүхий тоног төхөөрөмжтэй болж, эмч нараа гадаадад мэргэжил дээшлүүлсэн түүхтэй.
Төрийн бус байгууллагыг чинхүү сэтгэлтэй, тэвчээртэй хүн л авч явдаг. Үүнийг зориуд онцлохын учир нь Аззаяагийн итгэл, сэтгэл, зүтгэлийн тодруулах гэснийх. 1998 онд байгуулсан “Хүүхэд хөгжлийн төв” нь хөл дээрээ зогсчээ. Гэр хорооллын хашаанд байрлах тэдний бяцхан сургуулийн хашаанд номын сан хүртэл босч  байна лээ. Номын сангийн сүрлэн барилгад нь япончууд хөрөнгө оруулжээ. Өдгөө “Ачлал” сургууль 500 гаруй хүүхэд сургаад байна. Ядуу өрхийн хүүхдүүдэд мөнгөн тусламж олгох, түүний хөтөлбөрт хамрагдсан жаалуудыг нэмж тоолвол 1000 гаруй хүүхэд халамжилж, төрийн ачаанаас үүрэлцэж яваа ийм л эмэгтэй.
Хүүхдийнхээ төвийг өргөжүүлмээр байна. Хүн ам сийрэг хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн төв байгуулахсан. Спортын танхим, номын сан, интернэт төв, хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэгтэй, бүх төрлийн дугуйлантай... эд л Д.Аззаягийн мөрөөдөл. Номын санд ач холбогдол өгдөг зан нь тохиолдлынх биш л дээ. Мань хүн номын санч мэргэжилтэй. Хонхны дуу цуурайтсан ерээд онд номын санч бүсгүй ардчиллынхны зохион байгуулсан бүх л цуглааныг алгасдаггүй байлаа. Тиймдээ ч тэрбээр партизан хэмээх ангилалд багтдаг цөөхөн эмэгтэйн нэг. Одоо ч тэр МоАХ-гоор овоглодог хэвээрээ.
“Ухуулах хуудас их ч наасан даа” гэж Д.Аззаяа дурсав. Ажил дээрээ плитка авчирч, жонхуу буцалган зөндөө л зарлал наажээ. Залуус нь өлсгөлөн зарлах тэр үеэр тэднийгээ дулаан хувцаслахаар бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Аавынхаа сэгсүүргэн дээлийг хэлэлгүй авчраад зохион байгуулах комисст өгч дараа нь ээждээ баригдаад “эцгийнхээ дээлийг хүнд аваачиж өглөө” хэмээн загнуулж явж. “Өдөөн хатгагчид их байна. Талбай дээр мод чулуу авчирч хаяж байна. Эмх замбараагүй байдал үүссэн гэдэг шалтгаар баривчилгаа явуулж магадгүй. Тэр мод чулууг зөөж аваачиж хая” гэж Ц.Элбэгдорж даргыгаа хэлэхээр мод чулуу хормойлоод оройжингоо зөөсөн түүх тэднийхээ.
Халх даяар цуутай өндөр Гонгор одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Багабулаг гэдэг газар уран дархан Пүрэвийнд мэндэлжээ. Богдхаан таалал олсны дараа өндөр Гонгор нутаг усандаа ирсэн юм байж. Ирээд удсан ч үгүй 49 насандаа таалал төгсчээ. Хүүхдэрхүү, алиа хошин яриатай, бичиг эрдмээр сүрхий хүн явсан гэдэг. Өндөр Гонгорт Богд эзэнтэн хишиг хайрлаж, гоё сайхан хувцас захиалан хөх жинс өргөж, шавийн сангийн дарга болгохдоо “Энэ хүний маажгий гутал, сур сармай дээлийг нь хүртэл хаяж гээлгүй хадгалж бай” гэж зарлиг буулгажээ. Гэсэн ч түүний хувцас хойч үедээ хадгалагдан үлдсэнгүй. Харин хүний төлөө гэсэн сэтгэл нь өвлөгдөн үлдсэн нь ийм буюу...
                                                                                      Сэтгүүлч Д.Янжмаа



АРДЧИЛСАН НАМЫГ 2008 ОНЫ СОНГУУЛЬД ХЭН БЭЛТГЭХ ВЭ?
Ардчилсан нам дотор албан ёсны лидерийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ намыг 2008 оны сонгуульд хөтөлж оруулах лидерийг тэд сонгох гэж байна. Бусадтай эвсэхгүйгээр, ардчилсан нам дангаараа хэн нь хэн бэ? Гэдгээ үзэх сонгуульд хөтлөх удирдагчаа идэвхтэй хайж байна. Намын даргад өрсөлдөхөөс буцахгүй гэдгээ ардчиллын алтан хараацай болох Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар зарлаад байгаа.
Анх 1990 онд Ардчилсан намыг байгуулж анхны даргаар нь ажилласнаасаа хойш намын даргын суудалд амбийцлаж үзээгүй Э.Бат-Үүл, сүүлийн долоон жилийн турш намын даргын суудлын өрсөлдөөнөөс татгалзсаар ирсэн Ц.Элбэгдорж нар өнөөдөр нэр хүнд нь хэцүүхэн байгаа, эв түнжин хагарчихсан Ардчилсан Намаа өөр өөрийнхөөрөө аврахаар өрсөлдөж эхлээд байна. Энэ хоёр гол өрсөлдөгчөөс гадна “хажуугийн тоглогчид” тус намын даргад өрсөлдөх сураг байгаа ч Ардчилсан Нам хэмээх наад зах ннь арван нэгэн улс төрийн түүхэн субъектын нийлбэр болох амар үл ойлгогдох биетийг нэгэн зүгт зоригжуулан   хөдөлгөхөд тэдний хүч тэнхээ хүрнэ гэсэн найдвар бага байгаа юм.
Одоогоор ард түмний дундах нэр хүндээрээ Ардчилсан Намын шинэ даргаар тодрох хамгийн их магадлалтай Ц.Элбэгдоржийг улстөрчийх нь хувьд  өдөөн хатгасан мессежүүд Э.Бат-Үүлийг тойрсон мэдээллээс хавьгүй илүү болж буй нь ажиглагдаж байна.
Ц.Элбэгдорж том, жижиг, залуу, хөгшин бүгдийн танил хэрнээ яг Ардчилсан Намд энэ хүн хэр зэрэг үнэ цэнэтэй вэ? гэдгийг тэр бүр ярьдаггүй.
Ерөнхийдөө Ц.Элбэгдоржийн нэр төрийг харлуулах гэхээр тодорхой барьц олддоггүй нэг зовлон бий. Энэ гэр бүлсэг эрийг ямар дөрвийн дөрвөн хүүхэдтэй гэж шүүмжлэлтэй биш. Бас тэгээд мөнгө төгрөг идэж уусан гэх үндэслэл ч олддоггүй. Хэдэн жилийн өмнө хувьдаа байшин бариулаад байна гэж хардуулдаг байсан хүн өнөөдөр Засгийн газрын хөлсний орон сууцанд амьдарч байхыг бодоход өмнөх шүүмжлэл зүгээр л хар пиар байсан болов уу.

Ардчилсан Намын нэр хүнд өсөх үед баярлаж, унах үед нь гутардаг жирийн нэгэн гишүүн би энэ нам хэзээ яаж сэхэж, хэзээ яаж унаж байгааг өөрийн хүдээр харсаар хэдэн сонгууль өнгөрөөж байна.  Ардчилсан Намынхан өнгөлөг өөдрөг байсан хоёр сонгуулиар жишээ авч ирэх сонгуулийн дүр зургийг урьдчилан таахыг оролдлоо. Магадгүй олон нялх намуудын нэгдэл болоод ч тэр үү, зовлон үзсэн болоод ч тэр үү, хүчтэй дайсантайдаа ч тэр үү Ардчилсан нам лидер муутай редээ “сэхээнд орох ” шахдаг. Тэгээд энэ намыг өөдрөг явахад нь нэмэр болдог лидерүүдийн нэг болох Ц.Элбэгдорж одоо намын даргын сонгуульд ид бэлтгэж байгаа нь сайн хэрэг.

“1996 оны ялалт М.Энхсайханы гавъяа” гэгч хэр бодитой вэ?
Сонгуулийн сайн менежер ялалтыг бий болгож чаддагсан бол 2000 онд Б.Дэлгэрмаа, 2004 онд С.Баяр ч бас ялалт авчирч чадахуйц сайн менежерүүд байлаа.    1996 онд М.Энхсайхан менежерээр ажилласан сонгуулийн компанийн алтан фоныг гурван жилийн турш бий болгожээ. 1993 оноос эхлэн МҮАН-ыг Үндэсний хэмжээний нам болгохоор зориг шулуудан тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүд хээрээр гэр хийж намаа “хөлтэй” болгосон бөгөөд түүний дараа намын даргын марафонд өрсөлдсөн Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар гол ажлыг нугалсан.
Чухамдаа бид улс төрч Да.Ганболдын гавъяаг үнэнээр нь дурсдаггүй. Ердөөсөө л М.Энхсайхан гэгч илбэчин 1996 оны сонгуулийн компанит ажлын урд өдөр гэнэт  гарч ирээд ялуулчихсан юм шиг бичдэг нь нууц биш. Тэр үеийн Социал Демократ Нам,  Үндэсний Ардчилсан нам шигээ зузаан хөлтэй болж чадаагүй байсан бөгөөд МҮАН чухам л шинэ ардчилсан намууд дундаасаа онцгой ялгарч бэхжиж чадсаны гавъяаг Да.Ганболд хүлээх түүхэн хувь заяатай нь үнээн.     
            Харин зохион байгуулалтын хувьд бэхжүүлсэн энэ намаа сонгуульд ялуулахад орон даяар хийх пиар, сонгогчдын сэтгэл зүйн бэлтгэл нь хараахан бүрэлдэж чадаагүй байлаа. Тиймээс гишүүдээ зоригжуулах томоохон компанит ажил МҮАН-д хэрэгтэй байсан юм. Чухам энэ нь МҮАН-ын даргын төлөөх марафон байсныг тэр үеийн МҮАН-ын гишүүн бүр санаж байгаа.
Марафон гэж юу байсан бэ? Анхны тэр өрсөлдөөн үнэхээр сонин зүйл байв. Дарга Да.Ганболд, залуу өрсөлдөгч Ц.Элбэгдоржийн хамт нэг машинд сууж Монголыг тойрсон. Тэр хоёр хамтдаа хооллоно. Буудалд заавал нэг өрөөнд хононо. Уулзалтуудад цуг явна. Ээлжлэн ярина. Асуултад ээлжлэн хариулна. Алинд нь ч илүү боломж олгохгүй. Яг ижил мэдээлэлтэй, ижил бололцоотой явж аймаг бүрийнхээ намын бага хурлын нууц санал хураалтын дүнг яг ижилхэн сэтгэл догдлон хүлээнэ. Намын гишүүд нь хоёуланг нь даргаа гэж хүндэтгэнэ, бас хоёуланг нь найзаа гэж байгаад загнана. Хоёулаа чих зөөлөнтэй сонсоно, хоёулаа дуу чангатай ухуулна.
            Тэр нэгэн марафоны тухай мэдээлэл, тэр үеийн МҮАН-ын аймгийн бага хурлуудын шийдвэр сонины шарласан хуудсууд дээр топ мэдээнүүд болон үлджээ. Улстөр сонирхдог, ардчиллын хувь заяанд санаа тавьдаг хүмүүс Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Дорнод, Баянхонгор гээд хөдөөд хэлсэн үгсийг уншиж, сонссоор, тэднийг дэмуигчдийг тоолсоор хагас жил шахам болов. Энэ зуур Үндэсний Ардчилсан Намын сонгуулийн фон сайжирсаар, ямарч менежер ирээд сонгуульд ялуулах хөрс бэлтгэгдсээр байлаа.
            Монгол орныхоо 21 аймгаар явж, 69 машины тоостой кабинд, донсолгоотой хатуу замаар наад зах нь 15 мянган километр хамт давхиж, наад зах нь 120 цагийн хуралд хамт сууж, 150-иад цагийн уулзалтыг хамт хийж, 30-аад санал хураалтыг догдлон хүлээж, 100 гаруй шөнө нэг өрөөнд хонож, 300 гаруй удаа хамт хооллосон Да.Ганболд, Ц.Элбэгдорж хоёр ардчилсан хүчний 1996 оны ялалтын суурийг бат бэх тавьсан.
            1996 оны дөрөвдүгээр сар гэхэд Да.Ганболд ялагдаж, Ц.Элбэгдорж ялсан. МҮАН-ынхан Ц.Элбэгдоржоор туг хийж, 1996 оны сонгуульд оролцох сонголт хийсэн. Да.Ганболд ялагдлаа ясны улстөрчийн ёсоор аүлээн зөвшөөрч, намаа эв нэгдэлтэй үлдээж чадсан.
            Ц.Элбэгдорж марафонд яагаад ялсан бэ? гэж  сонгогчид Ардчилсан Намын тухайн үеийн гишүүдээс асууж байсангүй. Ямар ч байсан тэрбээр тухайн үеийн намын дарга Да.Ганболдтой эн тэнцэхүйц, заримдаа түүнээс ч илүү илтгэх чадварыг үзүүлж, үзэл баримтлалыг гарган ирж, намынхаа гишүүдийг итгүүлж бас нэг зүг рүү чиглүүлж чадсан. Тиймээс ч түүнийг хүн бүхэн 1996 оны сонгуулийн дараа “Ерөнхий сайд” болно гэж хүлээж байлаа.
            Ц.Элбэгдорж тухайн үедээ “час улаан”-аараа алдартай Баянхонгор аймагт нэр дэвшиж 1996 оны сонгуульд орсон. Баянхонгорт ялж “улаан” аймгийг “хөх” болгожээ. Харин түүнийг хотод ирэхэд нь 22-ын товчоон дээр ирээдүйн Ерөнхий сайдыг намын гишүүд нь бяцхан сюрпризтэй угтав. Үлээвэр хөгжимтэй, сэтгэл нь хөдөлсөн ардчиллынхан холцруутай борлосон Ц.Элбэгдоржийг хот уруу хүндэтгэлтэйгээр оруулан ирэхэд намых нь төв байранд найз Баабар нь М.Энхсайханыг шинэ Засгийн газрын Ерөнхий Сайдаар томилуулах болсон тухай мэдээлсээр угтсан гэдэг.         
            Ерөнхий Сайд болсон ч бай, үгүй ч бай ямартаа ч сонгуульд намаа ялуулна гэсэн амандаа хүрч “Бид олуулаа болж ирнээ” гэж УИХ дээр 1994 онд амласандаа хүрч чадсан нь Ц.Элбэгдоржийн амжилт байсан.
2004 онд Ц.Элбэгдорж тооноор орж ирсэн үү?
Монголын ардчилсан Шударга Ёсны нам байгуулахаар санаачлаад байгаа УИХ-ын гишүүн, Сонгол Улсын шадар сайд М.Энхсайхан “Эх орон” намын дарга, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нар өөрсдийн 2004 онд байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслээ жилийн дараа тарааж байх үеийг санацгаая. Тэд Ц.Элбэгдоржийг Харвардад амарч байгаад гэнэт тооноор орж ирээд хоймор суучихсан мэтээр гоморхож байсан билээ. Үнэхээр ч 2004 оны сонгуулиар Ардчилсан Нам, Эх Орон Намтай эвсэнэ гэсэн санааг анх гаргагч нь М.Энхсайхан бөгөөд түүний удирдлага дор Ардчилсан хүчнийхэн сонгуульд орох нь сонгуулиас мөн л хоёр орчим жилийн өмнө тодорхой болсон. 

Өөрийнхээ өмнөх дарга Д.Дорлигжавыг огцруулахын тулд долоон удаагийн ҮЗХ-ны хурал дээр энэ асуудлыг өдөөж, хэд хэдэн удаагийн санал хураалтаар  цөөнх болж байсаар найм дахь удаад нь ялимгүй олонхийн саналаар Ардчилсан Намын тамгыг авсан нь М.Энхсайханы үнэн.  Урьднь ардчиллынхан нэг нөхрийгээ Ерөнхий сайд болгоно гэж долоон удаагийн санаачлага өөрөө намын дарга болохын төлөөх, нөхрөө унагахын төлөөх тэмцэл, саналууд байснаараа өмнөх жишгийн сөрөг туйл нь болж байв. Тийм ч учраас М.Энхсайхан намын дарга болсоноосоо хойш Ардчилсан Намын рейтингийг   Д,Дорлигжавын үеийнхээс нэмэгдүүлж чадаагүй бөгөөд харин ч түүний удирдлагын үед нам доторхи фракцын хуваагдал хүчтэй болж хувирсан.
Ардчилсан намын рейтинг 2003 оны сүүлээс эхлэн аажмаар тогтворжиж 2004 оны хаавар хийсэн сан маралын судалгаагаар гэнэт 14 пунктээр өсчих нь тэр. Энэ гэнэтийн өсөлт нь Ардчилсан нам доторхи хуваагдал гүнзгийрсэн, өөрийн гэсэн хэвлэлгүй болсон, лидерүүдийнх нь зөрчил дээд цэгтээ хүртэл гүнзгийрсэн бодит байдалтай нь яавч авцалдахгүй байсан юм. Харин судлаачдын өөр хоорондоо хийсэн нэг сонирхолтой дүгнэлт нь “Нүүх үү, үлдэх үү” хэмээх цуврал лекц Ардчилсан намын рейтингэд хүчтэй нөлөөллөө гэсэн байдаг.
Яахаараа нэг лекц бүхэл бүтэн намын рейтингэд нөлөөлдөг билээ гэж гайхах хүмүүс гарах байх. Гэвч та 2003 оны сүүлч, 2004 оны эхээр Монголд байсан бол, эх орныхоо 40 гаруй хот, сумын төвөөр аялж байсан бол энэ асуултын хариу тийм ч ойлгомжгүй бус байхсан билээ. Тэр үед Харвардаас шинэхэн диплом өвөртлөн ирсэн Ц.Элбэгдорж хот хөдөөгүй аялж “Нүүх үү, үлдэх үү” хэмээх цуврал лекцээрээ барагтайхан Соёлын төвийн барилгыг өргөчих шахтал нь хүн цуглуулан ардчилал, эв нэгдэл, хөгжлийн тухай ярьж хэдэн сар болсон.
Яг л 1996 оны сонгуулийн кампаны өмнө сонинууд Ардчилсан намынхны марафоны тухай бичиж байсан шиг 2004 оны сонгуулийн өмнө шинэ санаа дэвшүүлж, шинэ өнцөгөөс Монголоо харсан шинэлэг жлс төрчийн лекцийн тухай мэдээлж гарсан билээ.  Лекцийн, олон нийтийн гэгээрлийн ардчилсан хэлбэрийн эрин үеийг эхлүүлсэн Ц.Элбэгдоржийн Харвардаас өвөртөлж ирсэн хамгийн үнэтэй эрдэм нь туйлшрахгүйгээр, ялгаварлан гадуурхахгүйгээр улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьж чаддаг болсон чанар нь байсан.
Харвардад сурч байхдаа Ц.Элбэгдорж Монголоосоо холбож байсангүй. Ар талдаа “Эрх чөлөө” төв гэгч ардчилал, хүний эрхийн манаач үлдээгээд явсан  Ц.Элбэгдоржийг  Харвардаас эргж ирэхэд нам дотор нь их зүйл өөрчлөгдсөн байлаа. Юуны түрүүнд аливаа асуудалд намынхаа дэмжлэгийг олж авахын тулд үзэл бодол ярьж уралдах хэрэггүй шахам болчихсон байв.  Харин түүний оронд намын доторх аль нэг фракцад ордог жишиг бий болчихсон байв. Бас УИХ-д өрсөлдөх тойрог олж авахын тулд Эх орон эамын суудлаас цөөлөх бус өөрийнхөө намын Д.Дорлигжав мэтийн хамгийн ойрын нөхрөө “жийх”  хатуу сонголт бий болсон байлаа. Нам доторх ийм шинэ дэглэмийг эсэргүүцэгчидЦ.Элбэгдоржийг намын даргаар шалавхан сонгох сонирхолтой байгаагаа илэрхийлж байж. Гэсэн ч энэ удаа Ц.Элбэгдорж дээрх гурван хүнд сонголтын алиныг нь ч дагаагүй. “Би ганцаараа нэг тойрог дээр ялах нь чухал биш, олон нөхдөө гаргах нь чухал” гэж хэлээд Ардчилсан Намаас нэр дэвшсэн 20 гаруй нэр дэвшигчийг сонгуулийн кампанит ажлынх нь үеэр дэмжиж тойрогт нь очиж ажиллав.
2004 оны сонгуулийн дүн, аль ч нам засгийн эрх дангаараа барим бололцоогүй гарч АН болон  түүний хамсаатнууд, МАХН-ын аль алинаас нь бүрдсэн Засгийн газар байгуулах, аль ч талд хүлээн зөвшөөрөгдсөн, туйлширдаггүй улс төрчөөр Засгийн газар удирдуулах хэцүүхэн асуудал босч ирэх нь тэр. Тийм лидерийн эрэлд намууд зэрэг зэрэг морьдож УИХ-д сонгогдсон ардчилсан хүчнийхний дунд, намуудын албан ёсны удирдлагын хүрээнд тус тус “хайлт явуулж” хэлэлцээр хийсээр нэг сар хагас өнгөрөв. Зуны цөөхөн хоног ч дуусав.  Тэгээд ч бүхэнд таалагдах, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн олох шиг хэцүү зүйл байхгүйг аль аль намууд ойлгосон бөгөөд талуудын санаанд хамгийн ойртож нийцэх ганц хүн нь Ц.Элбэгдорж л байсан. Ийнхүү тэрбээр Монгол Улсын түүхэнд хамгийн анхны хамтмрсан Засгийн газрын тэргүүн болсон билээ.

2008 онд 1996 он давтагдах уу?
1994 онд УИХ-ын индэр дээрээс хэлсэн үгээ Ц.Элбэгдорж 2006 онд дахин хэллээ. 1996 оны сонгуулиас яг хоёр жилийн өмнө тэрбээр “Бид олуулаа болж ирнээ”гэсэн үгээрээ уриа хийн, УИХ-аас гарч намынхаа ажил ржж ханцуй шамлан орсон. Энэ үгээ тэр 2008 оны сонгуулиас яг хоёр жилийн өмнө давтан хэлэх тохиолдол гарсан нь Ц.Элбэгдоржийн хувьд төлөвлөөгүй алхам хэдий ч Ардчилсан Намын хувьд сайныг зөгнөсөн явдал байх магадлал өндөр юм.
Учир нь Ардчилсан Нам яг одоо л хүчтэй удирдагч эрэлхийлж байгаа. Ардчилсан нам яг одоо л эвтэй байхыг хүсэмжлэх цаг болоод байна. МАХН-ын рейтинг 85 жилийнхээ түүхэнд байгаагүй доошоо уначихаад, 20 хувиас ч доош зүүгдэн тйичилж байгаа яг энэ үед Ардчилсан намынхан нэгдэж, хүчтэй болж эс чадвал түүхэн боломжоо алдахад ойрхон байна. Ийм үед саяхан Ерөнхий сайд байсан,  Монголын түүхэнд хамгийн хүнд Засгийн газрыг удирдаж үзсэн, авлигатай тэмцэх арга ухаанаа олж чадсан Ц.Элбэгдорж намын даргад өрсөлдөнө гэдэг үг чихэнд чимэгтэй сонсогдож байгаа нь гарцаагүй. 
2008 он Ардчилсан Намын он болох уу, эс болох уу гэдэг нь 2006 онд Ардчилсан Нам хэниг сонгох вэ? Гэдгээс шууд хамаарна. Энэ удаад Р.Гончигдорж тамгаа тайван замаар шилцүүлэх шийдвэр гаргасан нь 1996 оны Да.Ганболдын гаргасан жинхэнэ улстөрч хүний тайван бөгөөд ухаалаг байр суурийг санагджжлу байна. Харин Да. Ганболдоос тамга авч намаа сонгуульд ялуулж байсан Ц.Элбэгдоржид энэ удаад тамга шилжих үү гэдэг нь хэдхэн хоногийн дараа тодорхой болох биз ээ.

/Хүүхдийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Ардчилсан Намын ҮЗХ-ны гишүүн АЭХ-ны хяналтын зөвлөлийн дарга Өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа/




No comments:

Post a Comment