Sunday, August 10, 2014

МИНИЙ НАЙЗ

Монгоын Ардчилсан Хөдөлгөөний 15 жилийн ой,
Олон Улсын Филантропын өдөрт

2004.11.10
Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос
Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд
Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг   
Холимоггүй соронзон бүр ялгаж татах мэт...                    /Эрдэнийн сан Субашидаас.../




Саяхны нэг өдөр Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан гэдэг гэгээн оюунлаг төрийн бус байгууллагаар ,ажил төрөл хөөцөлдөн орох ялдамд хананд нэг хуанли байгааг орж харсан юм.Хуанли дээрхи “Филантропи” гэдэг үг харц татаад байлаа.Энэ санааг минь тус сангийн тэргүүн ,хадагтай Ц.Энхтуяа гадарласан мэт надад нэг хуанли бэлэглэв.Чихэр авсан хүүхэд мэт баярлан ажил дээрээ ирж тухлан,сониуч занг минь хөдөлгөөд байсан “Филантроп” гэдэг үгийн тайлбарыг уншлаа.”ХҮН ТА бусдын төлөө нинжин сэтгэл гарган ,улс орон,нийгмийн хөгжилд идэвхитэй оролцогч ,сайн сайхны төлөө чармайн зүтгэгч мөн бол та ФИЛАНТРОП” гэжээ.Дахин дахин уншиж үзлээ.Энэ зуур сэтгэлийн мухарт удаан хадгалагдан нэг л эвэлж өгөхгүй байсан ,тэр л хайгаад байсан зүйлээ олоод авчих шиг боллоо.Үнэхээр л сэтгэл дотроо хайгаад эрээд байсан зүйлээ олоод авчээ би.

Энэхүү эл тэмдэглэлээ “Миний найз “ гэж нэрлэх болсондоо баярламаар ч юм шиг,бахархмаар ч юм шиг тэгсэн мөртлөө сэтгэл нэг л хөнгөн гунигтай ажээ.
Хөнгөн гунигтай байхын учир юу вэ? гэж өөрөөсөө асуулаа.Бодоод байвал хариулт нь сэтгэлд минь л байх шиг.Юу ч болсон бичээд үзье.Хариулт нь олдож юу магад...
Сүүлийн арав гаруй жилд “Иргэний нийгэм”,”Нээлттэй нийгэм” гэх мэт үг хэллэгийг сонссоор хэдийн танил болжээ.Гэвч эдгээр үгнүүдийн утганд нь нийцсэн нийгэм байгуулах гэж Монголчууд бид нилээд бүдчин ,мунгинаж байгаа билээ.Бидний мөрөөдөөд байгаа иргэний нээлттэй нийгмийг байгуулахад иргэдийн оролцоо юу юунаас чухал ,ус агаар мэт хэрэгтэй гэнэ.Хөгжлийн өндөр түвшинд хүрээд байгаа улс орнуудад төрийн бус байгуулагуудаар дамжин иргэдийн оролцоо тодорхойлогддог юм байна.
Нэрийнхээ өмнө “төрийн бус”гэдэг статустай боловч төрийн ачааг үүрэлцэн улс нийгэмд учраад байгаа аливаа асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг,олон төрийн бус байгууллагуудын хийж бүтээж байгаа жишээнээс бэлхэнээ харж болох тийм цаг нэгэнт иржээ.
Сэтгэлийг минь хөглөөд байгаа тэр хүн бол миний найз Д.Аззаяа юм.1994 оны зун ,түүний танил бүсгүйтэй хамт бид санаандгүй явж байгаад гэрт нь очиж билээ.Хөл хүндтэй залуухан эмэгтэй өрөөгөөр дүүрэн хувцас эсгээд тавьчихсан юм оёж суулаа.Бид эмэгтэй хүмүүсийн эгэл жирийн яриа өрнүүлж амьдралын аар саар зүйл ярилцаж танилцсан нь саяхан.
Ингээд гарч явахдаа,хамт явсан бүсгүй маань ,сая танилцсан эмэгтэйн тухай хэсэг зүйл ярьж өгч билээ.1990 оны Ардчилсан хөдөлгөөнийг эхлэх үеэс идэвхийлэн оролцож ,гарын арван хуруунд тоологдохоор цөөхөн эмэгтэйчүүд байсны нэг нь Д.Аззаяа байсан.Хожим нь Ардчилсан үйл хэрэгт оролцсоныхоо төлөө хоёр,гурван ажлаас халагдаж арга буюу гэртээ суун ,амьдрал залгуулахын тулд хувцас оёж суугаа нь энэ ажээ. 1996 оны хавар УИХ-ын ээлжит сонгууль ойртож байсан үе.МоАХ-ны хэсэг эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд Ардчилалын Төлөө Хөдөлгөөн”гэдэг төрийн бус байгууллага /ТББ/ байгууллаа.Бид тал талаас цуглаж энэ хөдөлгөөний ажилд идэвхитэй ажиллах боллоо.Энэ үед Д.Аззаяа бид хоёр ажил төрлийн холбоогоор байнга уулзах болж бидний нөхөрлөл эхэлсэн юм.
Бидний хувьд 1996 он болон түүнээс хойшхи он жилүүд мартагдашгүй үе байлаа.
Энэ үед Д.Аззаяа цусны өвчтэй хүүхдүүдэд зориулан Монголын Хемофилийн Холбоо гэдэг /хемофифли гэж нэг төрлийн цусны өвчин/ төрийн бус байгууллага байгуулахаар шийдээд байгаагаа надад хэлсэн юм.Олон идэвхитэй эмэгтэйчүүдийн оролцоотойгоор Эмэгтэйчүүд Ардчилалын Төлөө Хөдөлгөөнийг байгуулж байсныг мэдэхийн хувьд ,түүнийг ганцаараа шахуу ТББ байгуулна гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байв.Нэг мэдэхэд 2 жил харвасан сум шиг өнгөрчээ.Найз минь энэ 2 жилд том хар цүнхээр дүүрэн бичиг хийгээд ёстой гутлынхаа улыг элтэл цөхрөлтгүй явсан бөгөөд ямар ч цалин мөнгөгүйгээр шүү дээ.Нэг явдал санаанаас гардаггүй юм.Нэг өглөө эрт би тэднийхээр очиж билээ.Найз минь нүд нь улайчихсан,их л ядарсан байртай намайг угтаж авав.Нойргүй суусан шинжтэй.Цай хийж өгөөд бичгийн машиныхаа ард суув.Нэг гараараа машиныхаа булыг бариад нөгөө гараараа бичгээ бичиж сууна.
-Наад машин чинь яасан юм бэ? Яаж ингэж зовиуртай бичдэг байнаа? Засварт өгөөчээ гэв.
-Аавын минь олон жил номоо бичсэн хуучны машин шүү.Үүргээ гүйцэтгэж л байна.Тэтгэвэрт гарах нь дөхөөд бул нь үсрээд байгаа юм.Засварт өгөх мөнгө алга даа.Тэгээд чиг бичиж болж байгаагаас хойш зовиуртай байх нь ч яамай.Өдөр гэр орон,хүүхэд шуухад гэсээр бас гадуур явж ажил төрөл хөөцөлдөх гээд явдал суудал барагдахгүй юм.Шөнө л олдож байна шүү дээ гэж билээ.Олон ч шөнийг үүр цайтал сууж, цусны  өвчин “Хемофили” гэж юу болох ,манай улс дахь өвчлөлтийн болон эмчилгээний тухай хэн хүнд ойлгогдохоор энгийн үгээр эмх цэгцтэй өгүүлэл нийтлэл төвийн сонинуудад бичиж ,ийм өвчтэй хүүхдүүдэд туслана уу гэсэн олон ч бичиг захидлыг ийш тийш илгээсэн дээ.
Нуулгүй хэлэхэд энэ үед түүний хийх гээд оролдоод байгаа тэр зүйл нь ямар ч найдваргүй мэт санагддаг байлаа.Ямар ч байсан тэрээр өвчтэй хүүхдүүдийн ар гэрийнхэн ,эцэг ,эхчүүд, тухайн чиглэлийн эмч мэргэжилтнүүд болон бусад сайн сэтгэлт хүмүүст өөрийнхөө хийх гээд байгаа зүйлийг ойлгуулж ,тэднийг нэгтгэж чадсан юм.
1997 оны зун тэрээр “Монгол messenger” сонинд “Blood disease incites action group” гэсэн гарчигтай нүүр дүүрэн хемофилийн тухай материал бичсэн байсансан.Анх удаа ингэж энэ хүндхэн асуудлыг нийгэмд гарган тавьсан юм.
Мөн тэр жил ,Цусны төвийн цус нэрэх аппарат шаардлага хангахаа больж эмнэлэгүүдийг цус цусан бүтээгдхүүнээр хангадаг ганц аппарат нь жагсаалаас гарах дөхөж аюулын харанга дэлдэв.”Ардын эрх”-ийн тэргүүн нүүрэнд хүртэл энэ тухай мэдээ гарлаа.Ингээд дээр дооргүй бужигналдаж алтнаас ч үнэтэй аппаратны эрэлд хатацгаасан юм даг.Донороос авсан цусыг боловсруулдаг аппарат зогсоход хүрвэл хамгийн түрүүнд хемофили өвчтэй хүмүүсийн амьдрах хугацаа төгсгөл болчих тийм аюул тулаад байсан үе.
Энэ үед би гэдэг “Хөдөлмөр” сан ТББ-аа байгуулаад ааг амьсгаагүй манаргаж явсан цаг.
Саяхан мэндэлсэн нялх үрээ хэрхэн асарч тойлохоо мэдэхгүй сандарч тэвдэж суугаа залуу ээж шиг ,дөнгөж төрөөд байгаа ТББ-аа бойжуулан авч явах нь ,цагаахан хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй бидэнд үнэхээр хүнд шалгуур байлаа.Бидэнд зааж зураад өгчихөөр багш сурагч ч байсангүй.Ганц боодол бичгийн цаас олдвол хувааж аваад явах жишээтэй.
Бидэнд байсан ,биднийг нэгтгэж байсан зүйл бол “Юм хийж бүтээх юмсан” гэсэн гэгээн хүсэл ,мөрөөдөл хоёр л байлаа.Бидний хэдэн бүсгүйчүүд Монголчуудын хэлдгээр элгээрээ мөлхөж,бор зүрхээрээ үнэхээр зүтгэсэн,тэр хэмжээгээр ч их зовцгоосон доо.Одоо бодоход яасан ч зоригтой байсан юм бэ? дээ гэж бид инээлдэн дурсаж суудаг юм.
Ингээд бид байнга уулзан ,ажил төрлөө хэлэлцэж ,ямар хүндрэл бэрхшээл учраад байгаа ,хэрхэн яаж шийдэх,ямар арга замуудаар байгууллагуудаа бэхжүүлэх гээд л алдаа оноогоо баахан шүүн хэлэлцээд салцгаана.Ийн учир тэр цагийн дурсамж санаанд тодхон үлджээ.
Энэ үед Д.Аззаяа маань төр,засаг,эрүүл Мэндийн Яам нь шийднэ биз гэж гараа хумхиж суусангүй ,өөртөө байгаа бүхий л хүчээ дайчлан ,уйгагүй тэвчээртэй ажилсаар АНУ-д төвтэй Олон Улсын Энэрэлийн Байгууллагатай холбоо тогтоон ,алтнаас ч үнэтэй тэр цус нэрэгч аппаратыг олоход туслаач гэж хүсэлт гаргасан байлаа.Үүнээс хойш жил орчмын дараа буюу 1998 оны намар Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас ,манай улсын Цусны төвд ,бага оврын цус боловсруулагч лабораторын аппарат ,цусыг тодорхой хугацаанд хадгалдаг зориулалтын хөргүүр,нийт 50 гаруй мянган ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг найзын маань цөхрөлтгүй хөөцөлдөлгөөний дүнд хандивласан юм даа.Тэр үед Д.Аззаяаг ийм зүйл хийж бүтээчихнэ гэж хэн маань ч зүүдлээгүй юм.Түүний энэ амжилт нь бидэнд их урам зориг өгч билээ.
ТББ-уудын хувь заяа аль ч газар ийм л байдаг ажээ.Бизнесийн компаниуд шиг ашиг олохгүй,зовж зовж олсон ,мэдсэн ,боловсруулсан,бүтээсэн бүхнээ нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг салбар шүү дээ.
1999 оны эцсээр найзын минь дүү цэл залуугаар хемофили өвчний хүндрэлээс ертөнцийн мөнх бусыг үзүүлж их уйтай байж билээ.2000 он гараад удаагүй байлаа.Утасны хонх хангинаж,тэрээр намайг хүрээд ирээч гэж байна.Ажил дээр нь яваад очтол Аззаяа уйлж сууна.Хэрийн юманд уйлж байхыг нь хараагүй болохоор дүүгээ санаад уйлж дээ гэж бодоод хэлэх ч үг олдсонгүй.Тэгэхэд надад:-Энхээ хорвоо ямар хатуу вэ?Дөрвөн жил сэтгэлээ эцтэл ,цөхөртлөө Хемофилийн асуудлаар ажиллаа.
Гэтэл өнөөдөр Дэлхийн Хемофилийн Холбооноос захиа иржээ.Бид Дэлхийн Холбооны гишүүн болох гэж 4 жил гаруйн өмнөөс л мөрөөдөж 2 жил гаруй уйгагүй бичиг захидал илгээсэн юм.Энэ захианд Монголын холбоог Дэлхийн Хемофилийн Холбооны гишүүнээр элсүүлэх болсон тухай мэдэгджээ.Дүү минь үүнийг харахгүй яав даа гэж мэгшин уйлж билээ.Өр өмөрчих шиг болж,хэн ч өөрчилж чадахгүй хорвоогийн жамыг яалтай вэ?гэж бодон ,чадахаар нь жаал уйлж,сэтгэлээ аргадацгааж билээ.Үүнээс хойш түүнийг сэтгэлдээ ямар их зовлон тээж явдагийг илүү их мэдрэх шиг болсон юм даа.
1998 оны хавар болж байлаа.Хоёр найз бас л ээлжит уулзалтаа хийв.Бид элдвийг хөөрөлдөн суутал “Хүүхдийн Хөгжлийн Төв” нэртэй ТББ байгуулах гэж байгаагаа хэллээ.Би гайхаж –Үгүй чи чинь урьдах холбоогоо яая гэж байж ,юун дахин байгууллага байгуулах больж үз.Энэ олон ажлыг яаж бардаг юм.Тэгээд чиг өөрийнхөө хүүхдүүдийг бод.Хоёр нялх хүүхдээ эзэнтэй эзэнгүй орхичихоод гэрийн бараа ч харахгүй.Нөхөр чинь уурлаад байх нь аргагүй ш дээ гэж ятгах загнах хоёрын дундуур хэлээд авав.Хараад байвал миний үгэнд орох янзгүй шинжтэй.-Үгүй ,чи өөрөө нүдээ нээгээд хараач,Ямар олон хүүхдүүд гудамжинд гарчихсан байнаа.Чи тэдний нүдийг нь хараарай.Нэг юм нэхээд байх шиг санагдаад байх юм.Би хийнээ... гэж байна.Нэг зүйлд зоривол ард нь гарж байж санаа нь амардагийг мэдэх хойно ятгаад хэрэггүй гэж бодлоо.Олон нийтийн санаа бодлыг түгшээсэн энэ эмзэг ,хурц асуудлыг Д.Аззаяа зүгээр хараад суусангүй иргэний идэвхитэй санал санаачлага гаргаж 1998 онд “Хүүхдийн Хөгжлийн Төв”гэсэн хоёр дахь ТББ-аа байгуулж,нийгмийн гүнд оршсон амаргүй үйл явц болох,эрүүл боловч эмзэг бүлгийн хүүхдүүдийн төлөө дахин ажиллах болсон юмаа.
Хэдэн сарын дараа над дээр их л баяртай хүрээд ирлээ.Найз нь,хүүхдийн байгууллагынхаа тамга тэмдгийг авчлаа.Санаа сайн бол заяа сайн гэгчээр ,нэгэн сайн нөхрийнхөө буянаар ,сэтгэл сайтай Япон бүсгүй тааралдаж ,тэрээр хүүхдийн төвд маань хашаа байшин авч өглөө гэх нь тэр.Би бас л уулга алдаад:-Юун сайн нөхөр?юун Япон хүн?хаанаас тийм амар олчихдог юм.Ийм хурдан аваад өгчихлөө гэж үү.Хүүхдийн байгууллага байгуулахад хашаагаар яадаг байна аа.Тэнд юу хийх юм.Тэгээд тэр хашаа чинь хаана байгаа юм? гээд дуржигнуулан асуулаа.
Ардчилсан хөдөлгөөний 1990 оны ууган гишүүдийн нэг,миний эртний анд М.Оюунбилэг гэж залуу Японд сурч байгаа юм.Тэр найз маань л тусалж ,Япон бүсгүйтэй танилцуулсан юм.Хашаагаа Баянхошууны эцсийн буудалд ,бүр гэр хорооллын дунд авсан.Миний хийсэн ажиглалтаар бол хүүхдүүд гэр орноосоо гарч ,гудамжны амьдралд орж байгаагын урьдач нөхцөл нь амьдралын эдлэв бэрхшээлээс болж,тэд эхлээд сургуульгүй болдог юм билээ.Тэгээд зарим нь хэдэн төгрөг олох гэж янз бүрийн ажил хийнэ,зарим нь гудамжинд хий хэсүүчлэнэ...гэх мэтээр л эхэлдэг юм шиг байна.-За за буянаараа бол ,санаанд чинь багтаж л байгаа юм бол би юу гэхэв дээ гэж хэллээ.Тэгээд явахдаа –Чи ойрын үед заавал очоорой гээд хаягаа үлдээгээд явлаа.Үүнээс хэд хоногийн хойно “Энэ ер нь юу хийгээд байгаа хүн бэ? очиж үздэг хэргээ гэж бодон яваад очлоо.
Очих замдаа түүний хэлснийг санаж,урьд нь огт анзаардаггүй байсан эргэн тойрныхоо хүмүүсийг сайтар ажиглаж явлаа.Нэг л гундаж гандсан ,санааширч,цөхөрсөн ч юм шиг,зарим нь уурлаж цухалдсан ,хөмсөг зангидсан ,омголон догшин ч юм шиг ,согтуу хүмүүс гэгээн цагаан өдрөөр найгаж орилолдоод л ,настай эмээ нар тамхи ширхэглээд л,хүрлийсэн хүрэн царайтай хүмүүс...,мануухай шиг томдож нооройсон хувцастай хүүхдүүд энд тэндгүй нүд нь гялтагнаж гүйлдээд л ,лангуу сахиж зогсоод л ,хулгайч шиг үе үе гэтэж хараад л ...Бид энэ амьдралдаа дасал болчихоод юу ч анзаардаггүй юм байна.Оршин байгаа энэ ертөнц минь нээрээ л нэг л бишээ.Ийн бодол тээсээр очих газраа хүрэв.Эзэн нь их арчаа муутай хүн байгаа юу эсвэл энэ амьдралын өнгөнд ингэж гундаа юу гэмээр энд тэндээ онгорхой цоорхой ,нөхөөс болсон хашаа,тоос шороо,хөө тортогт баригдсан ганц жижиг байшин байна.Харин авахаас хашаа нь боломжийн сайхан том юм гээч.Намайг очиход өрөөний голд хаанаас олсон юм гэмээр ганц муу яажгий сандал ,эвдэрч муудсан ширээний тамтаг тавьчихсан ,дээр нь бичиг цаасаа овоолчоод хэзээ язааны тэнд амьдардаг хүн шиг их л догь сууж байна.
Ингээд толгой цухуйлгавуу гэсэн шиг “За ашгүй чи хүрээд ирэв үү хоёулаа энэ гудамжнаас мурий сарий ч хамаагүй хадаас түүнээ гэж байна.-За бас хадаасаар яах нь вэ?Тэгээд ийм өмхөрч муудсан хуучин байшинд бас хичээл заана гээд байгаа билүү?”Сэрчихгүй бол сайхан зүүд байна.”гэж эгдүүцэв.Ингэж хэлчихээд жаахан аягүйрхэв./Тэр чинь гомдоно/
-Сэрэхгүй ээ хө,Энэ хашаа ,байшинд маань онгорхой цоорхой их байгааг чи өөрөө хараа биз дээ.Энд ганц ч хадаас алга.Байгаагаас би л байна.Юмаа сайн хадахгүй бол салхи ,хулгайч хоёр аваад явчихна шүү дээ.гэж хэлэхэд нь инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг.Удаж төдөлгүй хадаасны эрэлд явцгааж ,бөөн инээд хөөр болсоор хэдэн зэвэрсэн ,тахир ,мурий хадаас атгасаар ирж билээ.Ингээд Баянхошууны эцсийн буудалд авсан хашаа байшингаа “Ачлал” хүүхэд хамгаалах ,хөгжүүлэх төв гэж нэрлэж билээ.Хүнээр бол нэр хайрлаж байгаа хэрэг юм даа.Уйтгар баяр ард үлдсэн бүхэн сайхаан.
Ийнхүү тэрээр олон нийтийн санаа бодлыг түгшээсэн энэ эмзэг,хурц асуудлыг зүгээр хараад суулгүй иргэний идэвхитэй санал санаачлага гаргаж 1998 онд “Хүүхдийн Хөгжлийн Төв”гэсэн хоёр дахь ТББ-аа байгуулж ,нийгмийн гүнд оршсон амаргүй үйл явц болох ,эрүүл боловч эмзэг бүлгийн хүүхдүүдийн төлөө дахин ажиллаж эхэлсэн юмаа.
Үүнээс хойш 6-н жил өнгөрч ,найз минь их юм хийж бүтээсэн.Энэ хавар “Ачлал” төв дээр очиход танигдахгүй болтлоо өөрчлөгджээ.Аргагүй л ажилсаг эзний гарт ирсэн шинжтэй.2002 онд Япончуудын тусламжаар уужим саруулхан ,хүүхдийн шинэ төвийн барилга барьжээ.Хоёр ээлжээр 90 гаруй сургууль завсардсан хүүхдүүдийг хүлээн авч бага боловсрол нөхөн олгож байна.Бүр 20 гарсан залуучууд ч ирдэг гэнэ./Өнгөрсөн энэ хугацаанд 400 гаруй хүүхдийг бичиг үсэгт тайлж,бага боловсрол нөхөн олгожээ./Сургуулийн ханаар нэг хүүхдийн гараар бичсэн Монго ардын зүйр цэцэн үг бичээстэй харагдана.Хүүхдийн зурсан зурагнууд ,тэдний амьдралыг харуулсан фото самбарууд ,цэвэр цэмцгэр ямар хөөрхөн тохилог юм бэ?Хийсэн бүтээсэн бүхэнд нь сэтгэл,хайр шингэсэн ,хүүхдийн цангинасан гэрэлт өргөө болжээ.Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэлээ.Тэртээ 6 жилийн өмнө бид яаж хадаас түүж хөглөж байсан хийгээд бас найзыгаа аминдаа шүүмжилж,хэрэггүй зүйл хэлж байж дэ гэж бодохоор ичих шиг...
Би... ингэж алслагдсан гэр хороололд ,түмний ядарсан хүүхдүүд цуглуулаад ,бас хажуугаар нь өвчинд хатаж шаналж,аврал энэрэл хайсан энхрий бяцхан үрст илч гэрлээ өгч чадах боловуу.Ёо ёо ёо яаж ийм байж чадаж байнаа...
Одоо яандаа гэмээр хүнд үе тулахад тэрээр гайхалтай тайван байж чаддаг ,тэр ч байтугай элдэв инээдтэй юм ярьж суудгийг нь харахаар их уужуухан юм даа гэж бодмоор.Гадна өнгөндөө ийм боловч дотроо их л шаналж ,хажууд байгаа хүмүүсээ зовоогоод яахав гэж хайрлаж байгаа нь тэр.
Зөөлөн мөртлөө хатуу ,хатуу юмуу гэхээр сэтгэл уярам зөөлөн байдаг нь түүний чанар.Эмэгтэй хүнд баймааргүй сэтгэлийн их тэнхээ,тэсвэр хатуужилтай ,бэрхшээлд сөхөрдөггүй ,өөрийн итгэл үнэмшил,үзэл санаандаа үнэн ч байж чаддагийг нь харахаар бахархмаар.Түүнтэй уулзаад салахад санаа сэтгэл саруулсах шиг,гэгээ гэрэл нэмчих шиг болдог.
Эр цэрэг эх орноо хамгаалж,хөдөө гарч гадаа гандаж явдаг,хэрэгтэй үед амиа ч өгдөг.Тэгвэл миний найз,хатуу хорвоод өөрөө ямарч буруугүй хэрнээ бор гартаа нүүрстэй шуудай шөнө дөлөөр үүрч,ээждээ аяга халуун цайны гал бэлдэхээр ,сургууль номоо хаян бэдэрч яваа бяцхан үрсийг оюуны харанхуй балчигаас аврах гэж гал авалцсан нийгмийн халуун шугаман дээр гал унтраахаар тулалдаж явна.
Энэ оны эхээр ,Ерөнхий сайд Ц.Элбэгдорж цуврал лекцүүдээ уншаад Монголын нийгмийг дахин нойрноос нь дахиад нэг сэрээчих шиг санагдсан.Урьд нь 1990 онд Ардчилсан хөдөлгөөний домогт гишүүд ,нийгмийг сэрээсэн гэдгийг ард түмэн нэгэнт хүлээн зөвшөөрөх болжээ.Түүний лекцүүдийг сонсоход ,шинэ эрч хүч ,ухаан хайрлачих шиг.Тэрээр ...хүмүүсээ “Эрхэм сайн чанар”-тай байгаачээ..гэж хэлээд уриалаад байна.Үүнийг сонсоод “Эрхэм сайн чанар нь хүний үнэт зүйл юм даа”гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа.Тэр “Эрхэм сайн чанар” гэж тийм эрээд олдошгүй эрдэнэ мэт ховор зүйл үү.Хүмүүс бид өөрсдөө хүсвэл тийм чанартай байж болохгүй гэж үү.”Эрхэм сайн” чанартай хүмүүс бидний дунд өч төчнөөгөөрөө амьдарч л байгаа.Үүний нэг нь миний найз Д.Аззаяа гэж би бодож явдаг.
Хүүхдийн төлөө гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэлтэй ,ямар ч хүнд хэцүү цагт зорьсондоо итгэл алдардаггүй,чанд туйлбартай байж чаддаг нь түүний бас нэг шинж гэлтэй.Түүнтэй уулзаад –Амьдрал ямар байна даа? гэж асуухаар:Дажгүй дээ,-Ганц дайчин ганцаардахгүй” гэсэн алдарт зохиолчийн номыг ишлэн хэлэх дуртай.
Миний танил зарим бүсгүйчүүд ,алив нэг юмаар дутаж гутаж байгаагаа уйлагнан ярьж,боломжийн амьдарч байгаагаа чамлан ,байгаа юмандаа сэтгэл нь ханахгүй өөрсдийгөө зовоож байгаа харагддаг.Цөөн хэсэг бүлэг хүмүүсээс бусад нь нийтээрээ тарчиг ядуу аж төрж байгаа нийгэмд ихээхэн чармайж улайрч байгаад тов хийсэн баялгийн эзэн болчихож болох л доо.Үүнийг буруусгах ямар ч учир шалтгаан надад алга.Нийтээрээ тэгш сайхан аж амьдралтай болцгооё гээд явцгааж байна.Гэхдээ хажууд хүүхдүүд гуйлга гуйгаад ,гэмт хэрэг хийгээд ,нүхэнд хоноод,улам даяаршаад байгаа ертөнцөд нэрээ ч тавьж чадахгүй яваад байвал яасан гачилантай вэ?
Бид энэ сэдвээр үе үе ярилцдаг юм.Нэг удаа найз минь надад хандаж :Бид хэн байх нь яах вэ?гол нь хүмүүст итгэл найдвар өгч байх ёстой болов уу.Өнөө “Тэнүүн байхад нь тэмээгээр тусалснаас ,Тэвдэж явахад нь тэвнээр тусла гэдэг шиг”гэж надад хэлсэн нь санаанаас огт гардаггүй юм.
Тэр ядарч зовсон хүмүүст гар сунган тусалж чаддаг.Энэ нь бас түүнд байдаг ховор сайхан чанаруудын нэг.
Энэрэнгүй ,их үйлсийг бүтээж яваа хэрнээ ихэрхэлгүй эгэл жирийн байж чаддаг Найз чамдаа атаархнам би.Амьдралд сэтгэлтэй хэрнээ хаттай байж чадсаны чинь төлөө Найз чамдаа баярланам би.
“Ачлал төвийнх нь зарим хүүхдүүдийн гэрт түлэх түлшгүй гал алдчаад ,гэртээ харилгүй шөнө орой болтол төв дээрээ суух нь олонтаа байдаг гэдэг.Өдрийн норм аяга гурилтай шөлөө хийж идэхийн тулд өглөө,оройд ганц галладаг айлуудын хүүхдүүд ч олон байдаг тухай ярьж байдаг.Орох оронгүй ,өнчин өрөөсөн зарим үед томчуудын хатуу нударга хүртсэн хүүхдүүд ,сургууль дээрээ өвлийн хүйтэнд амь дүйн ирж хонох нь нилээдгүй гардаг гэсэн.Сургууль нь өдөрт ганц гөөхий өгч хүүхдүүдийнхээ өлөн зэлмүүр ходоодыг баярлуулдаг гэнэлээ.
Нийгэмд анги давхаргын ялгаварлал ихсэж зарим айлын хүүхдүүд дэндүү цамаан цалигуун байхад заримынх нь өлөн ходоод хонхолзон яавал ганц аяга шөл,ганц зүсэм талх олоод идчих вэ гэсэн өлөн нүдээрээ хорвоог тэмтчин байна.Энэ нь хүүхдийн буруу гэж үү.
Нөгөө олон ихэс дээдэс ,албан тушаалтнууд ,”Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе”гэж гоё уриалаад байгаа хүмүүс маань хаана байнаа.Та нар минь бодит амьдралыг эгцэлж нэг хараачээ.Хөлөө хучиж ,гутлынхаа өсгийг эмтэлчих вий гэж болгоомжлон худлаа битгий ярьцгаа.
Тэгвэл миний найз хүүхдийн төлөө амаараа ЗА гэж хэлээгүй ,сэтгэлээрээ ЗА гэж хэлээд түүнийгээ бүтээж яваа нэгэн.
Ам нээвэл уушги нээ” гэж... Эл тэмдэглэлийн эхэнд бичсэн “Монголын Хемофилийн Холбоо “-ны /МХХ/ тухай эргэн нэг харвал өнөөдөр энэ байгууллага нь:
Дэлхийн Хемофилийн Холбооны /ДХХ/-ны гишүүн байгууллагаар элссэнээр ,хемофилийн салбарт орчин үеийн анагаах ухааны ололт амжилт төдийлэн нэвтэрч амжаагүй байгаа,оношлогоо,эмчилгээ сул хөгжсөн Монгол улсын хувьд ,энэ салбарын хөгжилд ихээхэн ахиц нааштай алхмууд хийгдэж эхлээд байгаа гэнэ.Жишээ нь ,2000 оноос хойш МХХ нь ДХХ-ны санхүүжилтээр Английн Оксфордын их сургуулийн Хемофилийн Төв,Малайз зэрэг орнуудын хемофилийн төвүүдэд эмч мэргэжилтнүүдээ явуулж нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулж эхэлсэн байна.Мөн олон улсын чанартай хурал,зөвлөгөөнд гишүүдээ илгээж тэдний хемофилийн салбарын хөгжлөөс суралцах болж улмаар Канадын Саскечван мужийн Хемофилийн холбоотой ихрийн харилцаа тогтоон ажиллах болжээ.
Манай улсын хувьд техник технологийн хоцрогдол,эдийн засгийн хүнд байдлаас болж хемофилийн өвчтөнийг эмчлэх ,цусан бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр ,орчин үеийн өндөр технологийн түвшинд үйлдвэрлэж ханган нийлүүлж чаддаггүй байна.Энэ байдлын улмаас өвчтөнүүд бүхий л амьдралын туршид нийгмээс тусгаарлагдаж ,хүүхдүүд сургууль завсардаж ,том хүмүүс хөдөлмөр эрхлэх чадваргүй тахир дутуу болж амь насаа алдаж цаашилбал энэ байдал нь хемофили өвчтэй хүмүүсийг болон тэдний ар гэрийхнийг туйлын хүнд ,эмгэнэлт байдалд оруулдаг ажээ.
АНУ,Канад,Их британи,Швед зэрэг хөгжингүй орнуудад дээд зэргээр цэвэршүүлсэн YIII –р факторын концентрат,YIII факторын рекомбинат /хийтэл цус/зэрэг орчин үеийн өндөр технологиор үйлдвэрлэгдсэн эмчилгээний өндөр үр дүн бүхий бэлдмэлүүдийг гарган авч эмчилгээнд өргөн хэрэглэх болсон байна.Хөгжингүй орнуудад ийм хүчтэй шинэ эмчилгээ нэвтэрсний дүнд тэдгээр улсуудын ,хемофилийн өвчтэй хүмүүс эрүүл хүмүүсийн адил насалж ,амь насанд аюултай цус алдалт,үе мөчний хүнд гэмтэлүүд болон тахир дутуу болохоос аврагдан ,сургууль ,ажлаасаа завсардалгүй ,ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн эрүүл гишүүдтэй адил тэгшээр амьдрах болсон байна.
Тэгвэл манай орны хувьд дотооддоо үйлдвэрлэдэг донорын цусны бэлдмэлүүд нь цус бүлэгнүүлэх концентрацийн хэмжээгээр бага ажээ.Дээр дурьдсан эмчилгээний өндөр концентрацитай бэлдмэлүүд нь манай өвчтөнүүдэд туйлын хэрэгцээтэй байдаг боловч асар өндөр үнэтэй байдгаас хувь хүмүүс байтугай Засгийн газраас ч хөрөнгө мөнгө гарган худалдан авч чаддаггүй байна.МХХ-ны үйл ажиллагааны хамгийн ололттой тал нь манай улсад үйлдвэрлэгдэдгүй ,цэвэршүүлсэн YIII-р факторын концентрат,идэвхижүүлсэн рекомбинант YIII фактар ,Ново Сэвен зэрэг орчин үеийн өндөр технологиор хийгдсэн ,асар өндөр үнэтэй эмчилгээний бэлдмэлүүдийг ДХХ-ны буцалтгүй тусламжаар авах болсон нь тэдний эмгэгийг хүндрүүлэхгүй байх ,амь насыг нь аврахад үнэлж баршгүй их тустай болсон гэдэг.Зөвхөн 2004 он гарснаас хойш ДХХ-оос ,МХХ 70 гаруй ам.долларын үнэ бүхий сийвэн бэлдмэлүүдийг авч өвчтөнүүддээ хийгээд байгаа гэсэн.Энэ асар үнэтэй эмчилгээний бэлдмэлүүдийг ДХХ-ноос буцалтгүй тусламжаар авах нь ,маш амаргүй ажил гэнэ.Учир нь асар үнэтэй байдгаас манай мэтийн буурай орнууд ,амь насыг аврагч энэ чандмань эрдэнийг тусламжаар олж авахад ширүүн өрсөлдөөнтэй байдаг гэнэ.Энэ нарийн төвөгтэй ,хүчин чармайлт ,цаг хугацаа шаардсан ажлыг хийж гүйцэтгэхэд түүний дотны нөхөр МХХ-ны нарийн бичгийн дарга Моёобуугийн Оюунбилэгийн оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй их гэж Д.Аззаяа бахархан ярьж байдаг.
Энэ удаа хүмүүст итгэл ,найдвар хайрлаж яваа ,эрхэм найзынхаа тухай бичиж болохгүй гэж үү хэмээн өөртөө хэлтэл ,зоригийг минь ,үзгийг минь чи хурцаллаа.
Хүндэлж хайрламаар сайхан нөхрийг минь өсгөж ,бойжуулсан хүн бол түүний эцэг хүүхдийн зохиолч Д.Давааням гуай гэдгийг хэлэхэд таатай байна.
Хүүхдийн зохиолч Д.Давааням гуайн бичсэн шүлэг зохиолыг уншиж бидний үеийнхэн өссөн.Өнгөрсөн жил Д.Давааням гуайн “Бууж үдлэх хорвоо”гэсэн дурдатгалын бэсрэгхэн ном гарсныг олж уншсан юм.Тэр номондоо Монголдоо нэртэй хүүхдийн зохиолч агсан Д.Содномдорж гуай өөрийг нь утга зохиолд хөтлөн оруулж ,багш шавийн барилдлага болсноо ховорхон аз завшаан гэж бичиж тэмдэглэжээ.Энэ номондоо Д.Давааням гуай нэгэн сонин түүхийг үлдээжээ.Тэрээр охиныгоо төрөхөд Д.Содномдорж багшдаа хадаг барин очиж “Охинд минь нэр хайрла” хэмээн мөргөжээ.Ингээд Д.Содномдорж гуай хадгийг бэлэгшээн аваад “Хүүхдэд нэр хайрлана гэдэг их аз завшаан юм.Би мөн ч олон хүүхдэд нэр өгч дээ.Буян болог гээд...”харандаа цаас аван

Найдаж хүсэн ёсыг эрхэмлэж
Надаар нэр өгүүлэх гэсэнд
Чин сэтгэлээс маш их баярлаж
Чиний нэрийг би өгөх болжээ.

Алдарт орондоо хэрэгтэй хүн
Ард түмэндээ үнэнч охин
Аавын хүү ,ээжийн охинд
Аззаяа гэж нэр хайрлая.
Д.Содномдорж”  гэж тэртээ он жилүүдийн алсад эдгээр мөрүүдийг
тэрлэн үлдээжээ.
Найрагчийн шүлэглэсэн эл мөрүүдийг “Амны билгээс ашдын билэг” гэсэн ардын –үг батлах мэт ,нэр хайрласан охин тань биелүүлж явна.
Чадан ядан тэрлэсэн тэмдэглэлээ өндөрлөж Эрхэм найз чамдаа сэтгэлийн цацал өргөж ,Монголын хүүхдийн төлөө хийж буй үйлс Тань ашид өлзийтэй байхыг билэгдэн ерөөе.

“Хөдөлмөр” сангийн гүйцэтгэх захирал
Соднойн Энхбаяр



   

No comments:

Post a Comment