Sunday, August 10, 2014

МИНИЙ ӨВӨӨ ХАЛХЫН ӨНДӨР ГОНГОРЫН ТУХАЙ



/2011.02.23/
Сайн хоён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны нутаг Идэр голын Тулт толгой, Бага булаг хэмээх газарт нутагладаг Пүрэвийнд нэгэн хүү төрснийг Гонгоржав  хэмээн нэр хайрлажээ. Гонгоржав өвөө Пүрэв өвөөгийн ууган хүү болон 1879 онд төрсөн айлын ууган хүү байжээ.  
/Сайн хоён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу  нь одоогийн Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат; Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт; Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл   гэсэн гурван аймгийн найман сумаас бүрддэг байна./
Пүрэв өвөө  нь нутаг усандаа нэртэй дархан хүн  байсан байна. Хожим нь хараагүй болсон үедээ хүж цавууг эвлүүлэн гайхалтай урнаар “Ямранз” бурхан бүтээсэн нь одоо ч үр ач  нарт нь хадгалагдаж байдаг.
Пүрэв өвөөгийнх Гонгоржав, Довчин, Жигжидсүрэн хэмээх гурван хүү, Цэндээ, Тойсом хэмээх хоёр охинтой айл байжээ.
П.Гонгоржав өвөө  өсөн торниж, нас бие жигдрэхэд ойр хавьдаа жишишгүй өндөр болжээ. Ямар ч морь унасан шууд алхаад мордчихдог, гэрийнхээ тооноор гаднах юмсыг харчихдаг болов. Тэрбээр бяр  чадал сайтай адуу, үхрийг чихнээс нь бариад нэг өвдгөөрөө цээж хавьд нь тулаад зогсоход тэр мал нь хөдөлж чаддаггүй байсныг олон хүн батлан ярьдаг байжээ.  Өвөөг хошуу нутагт төдийгүй аймаг, улс даяар сонирхож эхэлсэн байна.
Сайн ноён хан Намнансүрэн 1905-1906 оны орчим өвөө  Гонгоржавыг  Цэцэрлэг голын чуулганы газраа  урин авчирч үзэж таалсан байна. Энэ үеэр Далайчойнхор ван Цэдэнсодном аймгийн чуулган даргын албыг хаших болсон байжээ. Өвөө Гонгоржавыг Сайн ноён аймгийн хан Намнансүрэнгээс эхлээд гүн Дугаржав мэтийн олон ноёд түшмэдүүд харан сонжиж тухайн үед хэрхэхээ шийдэж чадалгүй түүнийг дуудсан цагт аймгийн “Тамгын газарт” ир гээд нутаг буцаасан байна. Сайн ноён хан, аймгийн чуулган дарга  нар өвөө Гонгоржавыг,  Богд Жавзундамба хутагтад бэлэг болгон өргүүлэхээр шийдсэн  байна.  Удалгүй ноёдын таалал ёсоор болж өвөө Гонгоржав  1906 онд Дээрхийн гэгээн Богд Жавзундамба хутагтад өргөгдөн  Нийслэл хүрээнд суух болсон  байна. 
Богд хаан  өвөөг дэргэдээ түшиж авахдаа “Энэ хүний суунга маажиг гутал, сур сармай дээлийг нь хүртэл, хаяж гээлгүй хадгалж бай”  хэмээн зарлиг буулгаад  хувцас  эд хэрэглэл төхөөрүүлж  өгсөн  байна.  Эдгээрээс  эдлэл хэрэгллээс дурьдвал:  Өвөөгийн хэрэглэж  явсан хэт хутганы уртын хэмжээ 82 см, \Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж  байна\. Мөн 1 литрийн багтаамжтай зандан модоор  хийж мөнгөөр бүрсэн цайны  аяга нь миний  аав Д.Даваанямд хадгалагдаж  байна. Түүний хэрэглэж байсан эмээл, авдар нь сумын музейд нь байдаг.
Өвөөгийн хувцас эдлэлийг пинд хадгалж  байсныг  \Хөвсгөл аймгийн Жаргалант сум\ 1932 оны цаг төрийн үймээний үеэр замын хүмүүс  үрэн таран хийсэн гэдэг. 
Богд Жавзандамба хутагтын дэргэд өндөр өвөөг суух болсон  цагаас эхлэн түүнийг “Халхын өндөр Гонгор” гэж нэрлэх болсон байна.
Өндөр өвөө 1906 оны орчмоос Богд Жавзандамба хутагтын ивээлд багтан олон жил Дээрхийн гэгээний дэргэд алба хашиж явсан бөгөөд түүний их сангийн няраваар ажиллаж байсан байна.
1908 онд Богд Жавзандамба хутагтын малгайг урладаг байсан Сайн хоён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны харъяат уран үйлчин Должинсүрэн эмээтэй гэр бүл болсон байна. Өндөр өвөөгийн том хүү нь миний өвөө Г.Данигай удаах хүү нь, Балдан гэсэн хоёр хүүтэй, Бүдханд, Бадамханд гэсэн хоёр охинтой айл байжээ.
220 жил  Манж чин улсын харъяанд байсан Монголчууд, 1911 оны  12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залж Монгол Улс байгуулсныг албан ёсоор зарлан тунхагласан байна.
Богд хааны зарлигаар Монголын тусгаар тогтнолыг Орос болон бусад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнг Санкт-Петербург  хотод айлчлахад  өндөр Гонгор өвөөг бие хамгаалагч, бараа бологчоор дагуулж  явсан түүхэн баримт байдаг. Монголын үндэсний хувьсгалч нарын бие хамгаалагчаар явахдаа Москва, Петербургийхнийг, Хар далайн эргийнхнийг алмайруулсан нэгэн бөгөөд “,,,өнөөх Чингисийн Монголчууд гэдэг чинь ийм л хүмүүс байсан биз ээ” хэмээн шуугилдсан гэдэг.  Петрбург хотод очиход нь Я.Штейнберг гэдэг хүн зургийг нь хальсанаа буулгаж 1913 оны “Весь мир” сэтгүүлийн  46 дугаарт нийтлүүлжээ. Зурагчин Я.Штейнберг зургийнхаа ард өвөөгийн өндөрийн хэмжээг /одного 3 арш 10 вер/ гэж тэмдэглэсэн байна. Энэ нь одоогийн хэмжүүрээр 2 метр 57 см болох ажээ. Я.Штейнберг зурагчны хальсанаа буулгасан фотог энэ намтарт хавсаргав.
Тийм өндөр нуруутай эрчүүдийг бие хамгаалагчаар дагуулж явсан нь зүгээр нэг хэрэг биш байсан нь тэр үеийн монгол төрийн зүтгэлтнүүдийн нарийн сэтгэлгээний илрэл байж. Хан, ноёдоосоо алд дэлэм өндөр ардуудтай Монгол улсыг хүндэтгэх сэтгэгдэл төрүүлэх ёстой байжээ. Оросын тэр үеийн хэвлэл сонинууд үүнийг гэрчлэн үлдээсэн гэдэг.         
Тэр үеийн төр тэргүүлж  байсан төрийн зүтгэлтнүүд өндөр өвөөг  аливаа ажилаар явахдаа ихээхэн дагуулж явдаг байсан байна.
1921 оны Ардын хувьсгал ялсаны дараа  өндөр Гонгор өвөө баруун гаалийн хороонд шалгагч болсон байна. Гадаад улс орон, хүн ам, худалдаа арилжааны ажлаар томилогдсон хүмүүсийн бүрэлдэхүүнд оруулж улс орон, байгууллагаас улсын авах юманд “уртын хэмжүүр”  болон алдчинд  байнга тохоохон томилогддог байжээ.
·        Монголчууд 1922 он хүртэл дэлхий нийтээр хэрэглэдэг урт, хүнд,шингэний хэмжүүр мэддэггүй байжээ. Манж чин улс бодлогын үүднээс түүнийг мэдүүлэхийг хүсдэггүй байсан байна.. Арилжаа наймаа хийх, ахуй амьдралын хэрэгцээнд алд төө алхааг уртын хэмжүүрт, шингэн зүйлд шанаг, аяга, сав суулга, хүндэд өргөн таамаглах, хятад жин мэтийг хэрэглэж байсан байна. Энэ нь гадаад орнуудтай худалдаа хийхэд ихээхэн бэрхшээл учруулдаг байжээ. Гадаад орноос  буюу  хүнээс авах юман дээрээ өндөр хүнээр алдлуулах, өгөх юманд намхан хүн алдалж хэмжих гэсэн оролдлого бий болсон байна. 
Өндөр Гонгор өвөө зан ааш сайтай, ноомой, хүнд тусархуу, их ажилсаг, алиа хошин яриатай, ном судар сонирхон уншдаг, бичиг үсгийн чадвартай хүн байжээ.  Тэрбээр бяр чадалтай,    өндөр том биетэйд хир баргийн хүн хүрч барилдах арга ховор байжээ.  Даншигийн заан цолтой байжээ.
Засгийн Газрын зөвшөөрлөөр 1922 онд шим ертөнцийг судлах зорилготой Америкийн Нэгдсэн Улсын судалгааны  баг  Монгол  оронд ажилласан байна.
Тэр судлаачдын авсан кино зургийн хальсанд өвөө Гонгорын дүр зураг, үйл хөдлөл байаагаараа үлджээ. Энэ кино Монгол улсын түүхийн төв музейд бий гэдэг. Түүнчлэн дотоод гадаадын олон хүмүүс өндөр өвөөгийн талаар өгүүлэл, товхимол бичиж, жишээ баримтад оруулж, гэрэд зураг нийтлүүлсэн байдаг.    Түүнийг дотоод, гадаад орны сэтгүүлчид, худалдаачид янз бүрээр бичиж тэмдэглэсэн баримт олон.
1928 онд 49 насандаа төрсөн нутаг усандаа таалал төгссөн. Бага булгийн Цагаан-уул гэдэг газар нутаглуулсан байна.
Монголын бахархал болсон хамгийн өндөр хүн хэмээгдэх өвөөгийн  маань түүх ийн ажээ.
Намтар бичсэн:

Өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа

No comments:

Post a Comment