Sunday, August 10, 2014

Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цуглаанд МоАХ-ны гишүүн Д.Аззаяагийн хэлсэн үг/

          /2007 оны 04-р сарын 27 ны өдөр  МоАХ-ноос “Чин шударга төр чинээлэг иргэний нийгмийн төлөө” Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цуглаанд  МоАХ-ны гишүүн Д.Аззаяагийн хэлсэн үг/  

Эх орон нэгт элгэн халуун Монгол ахан дүүсээ

Монгол үндэстний  гал голомтын бурхад элбэрэлт буурал ээжүүд, эрхэм журамт эмэгтэйчүүд,  энхрий ялдам охид бүсгүйчүүд ээ

Эдүүгээгээс найман зууны тэртээ Их эзэн Чингис хаан
өөрийн охин Алаха Бэхид:

Эмэгтэй  хүнд 3 эр нөхөр буй:

Анхны эр нь алтан төр
Удаахь эр нь ариун нэр төр
Түүний дараахь нь авсан эр нөхөр мөн билээ”  гэж сургасан байдаг.

Тэгвэл Алтан төрд минь өнөөдөр юу нүүрлээд байна вэ?

1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголчууд бид хаалттай, дарангуйлагч нийгмийг халж  ардчилсан чөлөөт нийгмийн суурийг тавьсан.
 
“Ардчилал” нь  улстөрийн өөр системийн  огт олгодоггүй буюу олгож чаддаггүй  олон эрх, эрх чөлөөг  иргэддээ хангаж өгдөг. Монголчууд ардчилал хэмээх нийгмийн дэвшилтэт хөгжлийн замыг сонгож,  улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон шинэтгэлүүдийг хийж чадсан.

Үүний үр дүнд өнөөдөр, олон намын төлөөлөл бүхий парламенттай, чөлөөт сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сонгодог, шударгаар хөдөлмөрлөж хөрөнгө хуримтлуулах, газар, хувьцаа бонд эзэмших, гадаадад чөлөөтэй зорчих, өөрийн сонголтоор сүсэг бишрэлтэй байх,  хэвлэн нийтлэх   зэрэг олон эрх, эрх  чөлөөг ард түмэн  эдэлж байна.

Өнөөдөр энэ талбай дээр Та бүхний өмнө үг хэлээд зогсож байгаа минь ч  ардчилалаар олгогдсон эрх чөлөө юм.

Гэтэл “Ардчилал”-д минь аюул нүүрлээд байна. 

Бид 1990 онд өмнөх  тогтолцоог өөрчилж чадсан боловч  өргөн уудам Монгол орондоо  ШУДАРГА ЁС”-ыг тогтоож чадаагүй байна.  

Шударга ёсыг тогтоож чадаагүй байгаагаас:

Улсаа 107 тэрбум төгрөгөөр хохироосон хар тугалганы гэмт хэрэг, төрийн яамны сайдын суудлыг 100-200 саяар зарах болсон, ганцхан лицензийн зөвшөөрөл олгох гарын үсгийн ханш 18 000 доллараас буухгүй байх, “Хадгаламж” банкы 14 тэрбум төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг, ард иргэдийн шударга хөдөлмөрөөр олсон мөнгийг ХЗХ-д байршуулах замаар зохион байгуулалттайгаар дээрэмдэж, иргэдэд 66 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд тоочоод баршгүй олон гэмт хэргүүд Монгол улсыг аалзны тор мэт бүрхээд байна.   Хаа сайгүй гарч буй шударга бус явдал нь нийгэмд жишиг болон тогтох аюул үүрэлжээ.

Бидний харж буй энэ төрийн ордонд  луйварчид орогноод байна. Монгол түмний  минь алтан өргөөнд албин нүүрлэжээ.

Албиныг хөөж гаргахгүй бол энэ эх оронд бид үр хүүхдээ яаж өсгөх вэ? яаж үлдээх вэ?  Монгол орны минь ирээдүй бүрхэг байна.

Тэд ардчилалаар иргэдэд олгогддог чөлөөт сонгуулийг ашиглан айл хунар хэсэж,  аймаг дүүрэг тойрч худал үгийг 1000 дахин давтан ярьж,  амьдралынхаа ачааг даахаа байж  ядан цөхөрсөн  иргэдийг  мунхруулан төөрөгдүүлэх,  архи мөнгөөр санал худалдаж авах зэргээр төрийн эрхэнд гарч байна. Гарсан хойноо иргэд сонгогчидоо үл хүндэтгэн өр лүү нь өшиглөж байна, басамжилж байна.

Тэд цагаандаа гарчээ. Эхлээд тэд мунхруулсан, дараа нь залилаж луйвардсан  одоо бүр гэгээн өдрөөр  олны нүдэн дээр хүний сайхан үрийг цустай нь хутгаж бүрэлгэв.   Тэд улайрч байна.

Ардчилсан нийгмийн амин сүнс болсон шударга ёсыг нийгэмд тогтооход бид хэтэрхий хайнга хариуцлагагүй ханджээ.   Нийгэмд шударга ёс тогтоох нь МоАХ-ны төдийгүй  Монголын нийт ард түмний тэр дундаа эмэгтэйчүүд, эхчүүд  бидний үүрэг болоод байна.  Улсад маань Шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна.  Шударга иргэдээ эх орон минь  дуудаж байна.

Авилгал, хээль хахууль, ядуурал, хулгай, дээрэм, луйвар зэрэг  тэсэхүйеэ бэрх хүнд өвчинд  “Ардчилал”   нэрвэгдээд байна. 
Үүнийг зөвхөн “шударга ёс” гэдэг эмээр л эмчилнэ.   Эмчлэх эмч нарын бүрэлдэхүүнд  эмэгтэйчүүд бид байх ёстой. 

Алтай, Хангай, Хэнтий нуруу мэт  өмөг түшиг болсон  Монгол эрчүүдээ,

Өндөр суудалд  заларсан Өргөн эрх мэдэлт Ноёдоо

Их эзэн хааны тань үлдээсэн  эх орон газар шороо минь эмтэрч хэлтэрч байна.

Элбэрэлт буурал ээжүүд минь, Үр хүүхдүүд бидэндээ гомдон  цөхөрч хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна.

Хацар гоо охидын тань халуун амыг  харь элэгтнүүд тасалж эхэллээ , Өнгө сайт охидыг чинь өрөөлийн хүмүүс өвөртөлж, өндөр даваа давуулж, өргөн мөрөн гатлуулж өөр хоорондоо дамнуулан зарж  эхэллээ.   Харийн нутагт  хайлж уйлавч харах хүнгүй,  хайж эрэвч аврах нөхөргүй, хаалгаа үл олон,  харийн сууринд амьдын там эдэлж байна.

Монгол гал голомтын минь ирээдүй хойчийн Эзэд, 
Нуган хөвгүүд чинь, нүүрэндээ гэрэлгүй нүдэндээ цоггүй ходоодондоо хоолгүй, тэргүүндээ номгүй,  нүхэнд хоноглож нүүрс хулгайлж, нүдэндээ нулимстай, нойтонд норж, хүйтэнд хөрч голоо тасарталаа гомдож явна бидэндээ

ӨРХ ГЭРИЙН ТҮШИГ МОНГОЛ  ААВУУДАА

Архи ууж айл самууруулж, эмэгтэйчүүд биднийг зовлонд живүүлдгээ  ЗОГСОО

Эхнэр хүүхдээрээ тэжээлгэж, ажил хийхгүй алхайж хэвтэхээ ЗОГСОО.

Үр хүүхдээ өнчирүүлэн,  гэр бүлийг сарниулж, өнчин дэрэн дээр журамт ханиа,  эцэгээ хүлээх  үрсээ бүү ҮЛДЭЭ.

МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭД ЭЭ

Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж төсвийн мөнгөнөөс хулгай хийдгээ ЗОГСОО.

Хуулийг санаатайгаар цоолж, ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр  “Хууль цоорхой байна гэж худал хашгирдагаа ЗОГСОО

Энэ цөөхөн ард түмнийг ингэж бүү зовоо.
Эхчүүд, эмэгтэйчүүд бид  үүнийг тэвчиж тэсэхээ   болилоо.
Эх ороноо хөгжүүлээч элэг нэгтнүүдээ ХАЙРЛААЧ. 

Монгол үндэстнийг дэлхийн цээжинд дуурсгасан эзэн Чингисийг өсгөж,  цагийн хатууг давах сэтгэлийн тэнхээ суулгасан Өүлэн эх, эх нутаг, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан Мандухай сэцэн хатан, Ану хатан, Цогтхун тайжийн авъяасыг хөглөн өсгөсөн соён гэгээрүүлэгч Чин Тайхал хатадын цус огшсон 

Элбэрэлт буурал эхчүүд, эрхэм журамт хань, энхрий үрсийн ээжүүд  Монголжингоо охид бүсгүйчүүд ээ

Эцэг өвгөдөөс үлдээсэн ариун гал голомтондоо  Ардчилалыг сахин хамгаалан бэхжүүлж,  өсгөн тордож,  эх сайхан нутагтаа түгээн дэлг
эрүүлэхийн төлөө  Ардчилалын хөх туган  дор нэгдэцгээе.

Шударга ёсыг тогтоохын төлөө нэгдэцгээе.

                                                 

 Өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа

 /2007 оны 4 сарын 26 ны  шөнө  бичиж  дуусгав. Өглөө үүр цайж байна.

Баянхошуу дахь хүүхэд хамгаалах “Ачлал” төвийн байр/

No comments:

Post a Comment