Sunday, August 10, 2014

АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХНЫ № 1 CAЛБАР ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЖ БАЙЛАА

Нийслэл таймс 2010.02.19   №033(225)


/Эдүүгээгээс 20 жилийн өмнөх хоёрдугаар сарын 18-ны өдөр Монголд “Ардчилсан холбоо”-ны  анхджгаар их хурал хуралдаж байжээ. Уг хуралд оролцож, ардчиллын алтан хараацайнуудтай мөр зэрэгцэж явсан эмэгтэй хувьсгалч Д.Аззаяатай 20 жилийн тэртээх өдрүүдийн талаар хөөрөлдлөө. Тэрээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимын ажлын албаны даргаар ажиллаж байна/.    
            -Таныг ардчилсан хувьсгал хийх их үйлсэд эргэлт буцалтгүй орсон үеэс яриагаа эхэлье.
- Би ер нь их санаандгүй явж байгаад ардчилсан хувьсгалд оролцсон. Тэр үед би Улсын төв номын санд ажиллаж байлаа. Нэг өдөр аав маань Залуучуудын эвлэлийн хорооны дугуй зааланд “Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн” болох гээд  залуучуудын клуб нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Залуучууд цуглараад их сайхан юм ярьж байна. Миний охин очиж сонсооч гээд надад урилга өгч билээ. Тэр хэлэлцүүлгээс залуучууд ямар их эрч хүчтэй, нийгмээ өөрчлөх, нийгэмд бугшсан болохгүй бүхнийг, хүмүүсийн мэддэг хэрнээ хэлж зүрхэлдэггүй зүйлүүдийг ярьсан нь их таалагдсан. Дарамтанд амьдарч байсан хэдий ч залуучуудын ярьж  хэлж байгаа, үзэл санаагаа дэвшүүлсэн зэрэг нь надад юм юм бодогдуулсан юм. Тэгээд өөрийгээ энэ үйл хэрэгт оролцож ёстой гэдгийг ухаарсан. Тэр үед одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаан од” сонины сэтгүүлч байсан. Цэргийн форум шиг тусгай хувцас өмссөн байсныг санаж байна. Мөн Дарь.Сүхбаатар, Түмэнцогт, уран барималч Цэгмид,  Болд гээд /хожим нь төрийн шагнал авсан/ олон залуучууд тэнд байсан.
            - Цаг хэцүү тэр үед нууцаар хуралддаг байсан гэдэг.
- Надтай хамт ажилладаг байсан А.Оюун эгч ШУА-д олон жил ажилласан болохоор танил тал ихтэй байсан юм билээ. Монголын Ардчилсан Холбооны анхны үүсгэн байгуулагчдын нэг С.Зориг агсныг таньдаг байж.   Бидэнд шинэ мэдээлэл өгнө. Нэг өдөр удахгүй залуучууд цугларна. Тэгээд улс орноо өөрчилье гэсэн. Намын төв хороог буулгах гэж байгаа гэнэ” гэдэг юм байна. Тэр үгнүүд их л сонин санагддаг байсан. Бид хоёр ажлаа тараад  явж Залуучуудын бүлгэм дээр очно.  С.Зориг, малыш Энхтүвшин хоёр их сургуульд хамт ажилладаг байсан. Залуучуудын соёлын төвд болсон цуглаан дээр  Монголын ардчилсан холбоог зарлаад удаагүй байсан. С.Зориг “Та нар байгуулага дээрээ салбар зөвлөл байгуулах хэрэгтэй байна” гэж бидэнд зөвлөгөө өгдөг юм байна. маргаашаас нь ажил дээрээ номын фондонд нууцаар дэмжигч залуучуудыг цуглуулаад учир явдлаа ярилаа.  Зарим нь айж цэрвэж, зарим нь дэмжиж янз янз л хүлээж авсан. Тэгээд салбар зөвлөлөө 5 гишүүнтэй байгуулж билээ. Хуралаа хийж, протокол бичээд С.Зоригт үзүүлсэн чинь их л гайхсан шинжтэй байсан юм. Тэгсэн Ардчилсан хувьсгалын анхны салбар зөвлөлийг анх удаа бид хэд байгуулсан нь тэр юм билээ. Түүнийгээ ч бид хоёр мэдээгүй, нөгөөдүүл маань ч хоёр эмэгтэй хүн ийм хурдан байгуулаад ирнэ гэж санаагүй юм шиг байгаа юм.  А.Оюун эгч бид хоёр Монголын Ардчилсан Холбооны анхны  № 01 салбар зөвлөлийг байгуулах хувь заяатай байсан юм байх даа.
            - Нууц хуралаа хаана явж хийдэг байв?
Тэр үед хурал хийх газар олдоогүй байсан.  Монументаль чимэглэлийн үйлдвэр дээр залуус цугладаг байсан. Би номын сангийн уншлагын танхмид  ээлжинд гараад тэр бүр очиж амждаггүй байв. Ээлж таарагүй үед очноо. Монументаль дээр, мөн Гутлын үйлдвэр, 84-р сургуулийн хурлын танхим, дугуй заал  гээд л боложтой газруудад хуралдаж байсан.   Би бүх хуралдаанд очиж байгаагүй, харин цуглаан жагсаалыг бараг таслалгүй очиж  оролцдог байлаа. Социализмын үед өөр байгууллагад олон хүн орно гэдэг чинь хаалттай байсан үе. Нэг удаа хурал хийх байр олдоггүй ээ. Бид нар хурал хийх байр хайгаад Туул рестораны хажуугаар олуулаа явсан юм. Олон хүн гэнэт явахаар хүмүүсийн анхаарал татна.  Энэ бүхнээс сэргийлэхийн тулд “алтан хараацайнууд” маань биднийг тараад яв, цагдаа, НАХЯамныхан харчихна гээд л байнга сануулна. Хэд хэдээрээ тарж, нэгийгээ бараадан явдаг байсан. Хувьсгалын үйл явц улам гүнзгийрсэн 1990 оны 12 сарын 10 –ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр анхны цуглаана зохион байгуулж байж. Жаахан айдастай цуглаанд оролцсон ч залуучуудын цуглаан надад урам зориг хайрласан. Хувьсгалд оролцсон замаа эргэлт буцалтгүй сонгосон өдөр байлаа.
-               Та 20 жилийн тэртээх энэ өдөр “Монголын Ардчилсан Холбоо”-нны анхдугаар хурал болж байсан. Энэ тухайгаа эргэн дурсвал?

-               Тэр өдөр одоо ч сэтгэлд минь тодхон байна. Хоёрдугаар сарын 18 “Монголын Ардчилсан Холбоо” хуралдсан түүхэн өдөр. Тухайн үед тийм том хуралд оролцож, улс орныхоо асуудлыг ярилцаж, их л сайхан санагдаж байсан. Анхдугаар хурал болох гэж байна гэхэд “Би хуралдаанд оролцохгүй ээ, айж байна гээд нэрээ хасуулж байсан хүн ч бий. Би оръё гээд” гуйгаад ирж байсан хүн ч бий. Анхдугаар хуралд бид нар тэргүүн эгнээнд суусан. Хурлыг телевизээр шууд дамжуулж байсан. Бид нар чинь бөөн баяр, хурайлаад л, уйлаад л,,, Эрх чөлөө гэдгийг Монголын ард түмэнд мэдрүүлэхийг хүссэн хурал байсан юм. “Монголын Ардчилсан Холбоо”-ны анхдугаар хурлын илтгэлийг Ж.Сосорбарам тавьж, С.Зоригт, Дарь.Сүхбаатар, Баабар нар үг хэлж байсан. Түүхэн тэмдэглэлт мартагдашгүй хурал болсон доо. Хурал орой болсон хойно тарсан. Соёлын төв өргөөний гадна талаар хүмүүс дүүрчихсэн, троллейбусны зам хаагдчихсан байж билээ. Анхдугаар хурал хүмүүст урам зориг хайрласан, айдас түгшүүрийг салхи үүл хөөж байгаа мэт хөөсөн тийм л хурал болсон. Анхдугаар хурлын ач холбогдол гэвэл энэ л байгаа юм. Хүмүүсийн сэтгэлийг өөрчилж, түүхэн эргэлт хийж чадсан.
Анхдугаар хуралд оролцохдоо нэг л их гоёж байсан сангдана. Энхтуяа гэдэг ажлын эгчийнхээ цэнхэр торгон шинэ дээлийг өмсөж орсон. Өөрөө салбар зөвлөлийн гишүүн болоогүй хэдий ч энэ үйл явцыг асар их талархан дэмждэг хүн байсан. Ардчиллыг чин сэтгэлэсээ дэмжсэн сэтгэлээ шинэхэн торгон дээлээрээ намайг гоёж илэрхийлсэн юм.  
-       1990 оны гуравдугар сарын 8-нд болсон өлсгөлөнд та оролцсон уу?
3 сарын 7-нд  Оюун эгч хэлж байна. МоАХ дээр яаралтай дуудаж байна гэв. Хотын залуучуудын эвлэлийн дугуй зааланд цуглараад бид хоёр яваад очлоо.  Дөрвөн хүчний хамтарсан улстөрийн шаардалагад АИХ-ын тэргүүлэгчид, МАХН-ын төв хорооноос хариу өгөөгүй тул өлсгөлөн зарлах шийдвэр гарлаа гээд ярьцгааж байна. Манай зарим эрчүүд эмэгтэйчүүдийн баяраар та нарыг өлсгөлөн зарлуулаад яах вэ? гэсэн. Ингээд  ар талын фронтод ажилласан даа. Тэр үед би нялх хүүхэдтэй, охин маань нэг ой өнгөрч байсан учраас өлсгөлөнд оролцолгүй үлдэж, эмэгтэйчүүдээ төлөөлөн Нина эгч өлсгөлөнд оролцсон юм.  Гурав дугаар сар гэдэг чинь  хүйтэн үе шүү дээ. Би аавынхаа сэгсүүргэн дотортой үстэй дээлийг гэрээсээ нууцаар аваад өлсгөлөн зарлаж байсан хүмүүст авчирч өгсөн. Нэг харахнээ аавын дээлийг Улсын Бага Хурлын гишүүн асан Г.Галсандорж өмссөн байлаа. Бүх л хүмүүс гэр орноосоо     дулаан хувцас, майхан, чанга яригч гээд нэмэр болох олон зүйлийг авч ирж байсан. Намайг гэрээсээ  дээл авсаныг мэдээд ээж маань “Эцгийнхээ дээлийг хулгайлаад өлсгөлөн зарласан хүмүүст өглөө. Манай удам сударт чам шиг л ийм хүн байгаагүй,,,” гээд загнаж байсан. Заримдаа ээж  “Чи тэр дээлээ хувьсгал хийлцсэн” гээд музейд хүргэж өг гэдэг юм.
-               Салбар зөвлөлийн гишүүн боллоо гээд дарамт шахалт хэр ирдэг байв. Аав тань Зохиолчдын хорооны намын дарга байсан?
-               Ирэлгүй яахав. Их ирнэ. Монголын Ардчилсан Холбооны анхдугаар хуралд суусаны дараа  Улсын төв номын сангийн дарга Цагаач гуай байсан. Бидний нэг нэгээр нь дуудаж ирүүлээд “Яагаад нам, төрийн эсрэг үйл ажиллагаанд оролцож байгаа юм бэ? Та нарт юу дутлаа гэж ингэж явдаг юм. Сайхан аав, ээжтэй, ажил мэргэжилтэй хүмүүс байж гээд загнаж билээ. Та нарт батлах бана уу, байхгүй бол аливаа нэгэн байгууллагын гишүүн гэж тооцогддоггүй юм. Тэрнээсээ хурдан гар гэж хэлсэн. Тэгээд надад “Наадахи чинь зүгээр л нэг үймээн самуун. Аав чинь намын дарга хийдэг. Чухал сонгуульт ажил хийж байхад чи ингэж явдаг,,,” гээд л анхааруулга өгсөн. Энэ дарамт зөвхөн надад ирээгүй аавд маань ч ирж байсан юм билээ. Аавыг нэг өдөр Хотын намын хороон дээр дуудаж “танай хүүхэд залуучуудын хөдөлгөөнд оролцоод яваад байна. Одоо татаж ав,,,” гэж сануулга өгсөн байдаг. Аав нэг бус удаа надад “Чи явахаа боль” гэж хэлсэн. Би тэр үед гэрийнхээ ганц шүдний өвчин байсан. Нэг өдөр ээж  маннь надад эрэгтэй хүмүүстэй нийлээд яваад байх юм даа. Юу хийж явдаг юм бэ? хэмээн хэлж ч байлаа. Амихандаа намайг ичээж байгаад хөндийрүүлэх гэсэн бодлоор тэгж хэлсэн байх гэж боддог.
-               Хэцүү байсан үе олон бий юу?
-               Олон байсан. Ер нь л түгшүүртэй байсан үе. Нэг их сайхан нуруу тэнэгэр яваад, цэх алхаад байсан үе байхгүй ээ. Дандаа л айдас, мөрдлөг, хавчлага дунд байлаа. Бие биенийгээ НАХ Яамны туршуул тагнуул гэж сэрдэх тохиолдол ч байсан.   Нэг зүйл санаанаас ердөө гардаггүй юм. Өлсгөлөн зарлачихаад байсан тэр үед Элбэгээ дарга саарал пальтотой их л даарсан янзтай хүрч ирээд биднийг дуудаж, Соёлын төв өргөөний багануудын нөмөрт бидэнтэй уулзсан. Тэр үед бидэнд ороод суух газар ч байсангүй. Цагийн байдал их түгшүүртэй байна. Эмх замбараагүй байдал үүсгээд түүгээр нь далимдуулж баривчилгаа явуулж, өлсгөлөнг зогсоож магадгүй. Тэгэхээр та нар Сүхбаатарын талбай дээр хүн гэмтээж болох зүйлийг түүх хэрэгтэй гэлээ. Тэгээд бид талбай цэвэрлэж өмсөж байсан, хүрэм хувцасаа тайлаад чулууд модыг хормойлж байсан үе саяхан мэт санагдаж байна. Нээрээ хүний гарт баригдаж гэмт хээг үйлдүүлчихээр олон зүйл гарсан юм. Тэр өдөр байдал их түгшүүртэй, Намын төв хороо огцрох гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, бидний шаардлагыг хүлээж авах ч юм шиг үгүй ч юм шиг,,, санагдаж байж билээ.  

-               Намын төв хороо хариу ирүүлэхэд яаж хүлээж авав?
-               Хүмүүс их л баяртай байсан. Бие биенийгээ тэврээлд л,, баярын нулимс. Хүсэн хүлээсэн зүйл нь биелэж байхад чинь. Уухай хадаад л,,, эрх чөлөөний төлөө тэмцэж эхэлсэн анхны алхам  байсан юм.
-               Өнөөдөр Монголын ардчилал таны бодлоор ямар байна вэ?
-               Өөрчлөе гэсэн сэтгэл зүрх байснаас бидэнд дуурайх иргэний нийгэм, нээлттэй нийгэм ямар байдгийг жиших загвар байсангүй. Хүний төлөө, эрх чөлөөт нийгэм бүрэлдэн тогтоход асар их бэрхшээл учирдаг юм байна. Хуучин тогтолцоо ч тийм амархан байр сууриа тавьж өгдөггүй гэдгийг ойлгож мэдсэн.  Залуудаа Намын төв хороог буулгаад маргаашаас нь бүх зүйл өөрчлөгдчих юм шиг санагдаж байсан. Гэвч тийм биш. Хувьсгалыг нэг хоёр сарын дотор хийчихдэг юм биш. Аажим аажмаар ардчилал хөгжиж  байна. Одоо агуулгын хувьд шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодож явдаг.   

Ж.Тагтаа 

No comments:

Post a Comment